horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллага бүр цалингаа нэмүүлэхээр өрсөлддөг

post-img

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр (2026.11.04)  “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төсөл хэлэлцэв. Төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах бөгөөд Улсын Их Хурлын бусад шийдвэр тогтоолын хэлбэртэй байна” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 45.1-д зааснаас бусад асуудлаар Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид тухайлан заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа холбогдох хуульд заасны дагуу ирүүлсэн бол холбогдох байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна” гэж, 45.5 дахь хэсэгт “Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 45.2, 45.3, 45.4-т заасан журмын дагуу хэлэлцэнэ” гэж тус тус заасан байдаг.

Энэ дагуу УИХ-ын даргад Үндсэн хуулийн цэцийн дарга 2026.08.12-нд албан бичиг ирүүлжээ. Уг бичигт үндэслэн энэ төслийг боловсруулсан байна. Удирдлагыг нь УИХ томилдог байгууллагуудын цалинг тухай бүр хэлэлцдэг байдлыг халж, нэгдсэн цалин хөлсний бодлогын хүрээнд цогцоор нь итгэлцүүрийн аргачлалаар тооцох саналыг С.Зулпхар, А.Ариунзаяа, Ж.Баярмаа нарын гишүүд илэрхийлэв. Ийнхүү байгууллага тус бүрээр шийдвэрлэх нь байгууллага хоорондын цалингийн харьцааг алдагдуулж, байгууллага бүр цалингаа нэмүүлэхээр өрсөлдөх нөхцөл бүрдүүлж байгаа аж. Төрийн албанд үүссэн цалингийн энэ гажуудлыг нэгтгэн засах хэрэгтэй гэж гишүүд үзэж байлаа.

ҮХЦ-ийн Тамгын газрын дарга Г.Билгүүн “ҮХЦ-ийн дарга, гишүүдийн цалин УИХ-ын холбогдох тогтоолын дагуу нэрлэсэн дүнгээр тооцогддог. Төрийн албан хаагчдын цалинтай холбоотой аливаа шийдвэр гарахад ҮХЦ-ийн дарга, гишүүдийнхийг тухай бүр нийцүүлэх боломжгүй, УИХ-ын холбогдох тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага үүсдэг. Иймээс итгэлцүүрээр тооцох нь оновчтой хэмээн үзэж, асуудлыг танилцуулж байгаа юм” хэмээн тайлбарлав.

УNH-ын дарга С.Бямбацогт “Хэлэлцэж буй төслийн хүрээнд ҮАГ, ҮХЦ-ийн цалингийн асуудлыг шийдвэрлэнэ. УИХ-аас удирдлагыг нь томилдог байгууллагуудын цалинг тус бүрт нь шийдвэрлэдэг байдлыг өөрчлөх шаардлагатай гэсэнтэй санал нэг байна. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагын цалин, хөлсийг нэгдсэн журмаар тогтоодог болох нь зүйтэй. Зарим байгууллагын цалинг мөнгөн дүнгээр, заримыг нь итгэлцүүрээр тогтоож байгаа нь тэгш бус байдал үүсгэж байгаа. Ижил түвшний албан тушаалтнууд нэг зарчмаар цалинждаг нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх шаардлагатай. Эл асуудлыг энэ ондоо багтаан нэгтгэн судалж, багцлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх асуудалд Төрийн байгуулалтын байнгын хороо, Төрийн албаны зөвлөл анхаарч ажиллах нь зүйтэй” гэлээ.

“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус хороо дэмжив.

0/1000
Туяачимэг

Зөв шүү, үг хэлэх эвлэлдэн нэгдэх бүх эрхийг нь хуулиар боомилчихоод хамгийн бага цалинтай, хамгийн их ажил хийлгэдэг шүү