Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userТ. Есөн-Эрдэнэ

Хүсэл маань энгийн ч төлөөс нь дэндүү их

Хүсэл маань энгийн ч төлөөс нь дэндүү их

Монголын нийгэм, утга зохиол, кино урлаг реализмын дутагдалд ороод удаж байна. Энэ бол урлаг, уран зохиол, философи, бидний өдөр тутмын амьдралд бодит байдлыг зөвөөр үнэлж чадахгүй хэт хийсвэрлэх эсвэл туйлшрахыг хэлнэ. Бодит байдлын тухай бид мэдээлэл хомсдсондоо ийм болчихсон хэрэг биш. Харин түүнийг тогтож харах, өөрийн амьдралтай холбох, бусдын өмнөөс харах, ойлгох зориг, тэвчээр үгүйнх юм. Хүнд хэцүүг ярихаар гомдоллолоо гэж гоочилно. Шударга бусыг хэлэхээр сөрөг зүйл түгээлээ гэнэ. Заримдаа бид өөрсдөө ч тэдний дунд орчихсон нухацтай ярих ёстой сэдвийг маазрал болгож суудаг.

Киноны эхэнд уурхайн нүсэр тэсэлгээ, овор ихтэй техникээр хөмрүүлж буй газрын хэвлий, нүүрс ачсан машинуудын урт цуваа үзэгдэнэ. Цагаан хад хэмээх газрын тухай, ер нь нүүрс тээврийн салбарын тухай бидний төсөөлөл киноны тэрхүү эхлэлээр баталгаажив.

Гэвч бид тоохгүй, харахгүй өнгөрөөсөн ч тэр амьдрал хаа нэгтээ үргэлжилж байдаг. Найруулагч Ч.Хоролдоржийн “Цагаан хадны өнгө” баримтат кино тийм нэг амьдралыг хүүрнэжээ. Нүүрс тээврийн жолооч бүсгүй С.Майхүүгийн амьдралын мөчүүдийг олон жилийн турш баримтжуулж, өгүүлсэн уг бүтээл Трайбекагийн олон улсын кино наадам, Шеффилдийн олон улсын баримтат киноны наадам, Пусаны олон улсын кино наадам зэрэг нэр хүндтэй тайзуудаар дамжин наашилж өнгөрсөн аравдугаар сарын 19-нд Улаанбаатар олон улсын кино наадмаар монгол үзэгчдэдээ хүрлээ.

Киноны эхэнд уурхайн нүсэр тэсэлгээ, овор ихтэй техникээр хөмрүүлж буй газрын хэвлий, нүүрс ачсан машинуудын урт цуваа үзэгдэнэ. Цагаан хад хэмээх газрын тухай, ер нь нүүрс тээврийн салбарын тухай бидний төсөөлөл киноны тэрхүү эхлэлээр баталгаажив. Цаашлаад уурхайн зам, нүүрсний тортог, замын хажуугийн зураглал нэг л ердийн биш, өөр гарагаас баялгийг нь ачаад зөөж байна уу гэлтэй.

Харин кино тэрхүү өргөн, алсуур, заримдаа шувууны нүдээр харах мэт өндрийн  зураглал дунд “дурангаа сольж” хүний амьдралын нарийн нандин руу, бодлогошрол, хүсэл тэмүүлэл, гуниг зовлон руу шилжив. Товчхондоо, үзэгчийг машины бүхээгт шуудхан суулгаад замд гарна. Алсаас харахад нэгэн ижилхэн мэт тэдгээр ачааны машинуудын нэгэнд гол дүр С.Майхүү жолооны ард сууж байна. Түүнд олон өдрийн ажлын дараа очих гэр, санаа зовох хүүхдүүд, бусдад тэр бүр яриад байдаггүй хувийн амьдрал бий.

С.Майхүүгийн ажил, амьдралын сонголтыг ойлгоход холын тайлбар хэрэггүй. Хүүхдүүдээ тав тухтай дулаан байр сууцанд, амар тайван амьдруулъя гэсэндээ нөхцөл нь хүнд ч олох нь арай ахиу ажил сонгосон нь энэ. Харин тэр хүслээ биелүүлэхийн төлөө ямар нөхцөлд, хэр удаан ажиллаж байгааг киноноос л үзэж мэдрэх боломжтой.

С.Майхүүгийн хувьд олон тонн нүүрс нааш цааш зөөж ажиллахаас гадна өөр нэг хүнд сонголт хийх ёстой болжээ. Тэр нь хувийн амьдралаа камерын өмнө дэлгэх.

Киноны дунд хэсэгт осолд орж машинаа унагаасан жолоочийг харуулна. Ослын газар дуудлагаар ирсэн алба хаагч, бусад жолооч нар түүний биеийг үзээд гар нь хугарсныг хэлэх нь сонсогдоно. Гэвч жолооч цочролд оржээ. Хугарсан гараа сойлгож зогсоход түүний харцанд тийм гэхийн аргагүй өгүүлэмж тодорно. Үзэгчдэд энэ сцен ямар бодол төрүүлснийг мэдэхгүй юм. Монголчууд бидэнд эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавих мэдрэмж хэр хэмжээнд байдаг бол гэсэн бодол тийш намайг аваачсан.  

Өөр нэгэн хэсэгт жолооч Цогт хүнсний зориулалтынх гэж хэлэмгүй гялгар уутанд цуйван хутгаж сууна. Машины давчуу бүхээг тэдний хувьд ажиллах төдийгүй хооллож, амрах орон зай нь болдог.

Нүүрсний зам дагасан саарал орон зайд энэ мэт олон өдөр, олон өнгө багтжээ. Хүлээлт, ослын эрсдэл, гэр бүлээсээ хол өнгөрүүлэх, хүүхдээ санах, өвдсөн тухай утасны цаанаас сонсох, яаж ч чадахгүй бүхээгтээ мэгших өдрүүд бол тэдний л мэдэх өнгө, бас өдрүүд юм. Олсон мөнгөний хэмжээг тооцож болох ч түүний төлөө алдсан цаг хугацаа, бие сэтгэлийн ачааллыг мөнгөн дүнгээр илэрхийлж дөнгөхгүй.

С.Майхүү киноны нэг хэсэгт Америкт муж хооронд трак барьдаг жолоочтой видео дуудлага хийнэ. Нэгэнт л том машины жолоо мушгих юм бол наана чинь очмоор байгаа тухай яриад, “Заримдаа энд байхаас бүр залхаж, туйлдах юм” гэв. Бодит байдал ийм л халширмаар, зугтмаар байдаг юмсанж. Гэвч энэ зөвхөн гол дүрийн бодол биш олон мянган монгол хүнд байдаг хаа нэг тийш явах хүслийн илэрхийлэл мэт.

С.Майхүүгийн хувьд олон тонн нүүрс нааш цааш зөөж ажиллахаас гадна өөр нэг хүнд сонголт хийх ёстой болжээ. Тэр нь хувийн амьдралаа камерын өмнө дэлгэх.

Олон зуун жолооч эрэгтэй хүнтэй зэрэгцэн ажилладаг, дэргэдүүр нь өдөр бүр өнгөрдөг ажилтай болохоор эхнэрүүд нь буруу ойлгож, хардахдаа Фейсбүүк группүүдээр нэр, зурагтай нь гутаан доромжилж бичиж байсан удаатай гэнэ. “Тоохгүй хаясаан!” гэж тэр киноны нээлтийн дараах уулзалтаар хэлсэн.

Гэхдээ киноны гол дүр болж, бүх юмаа ярих сонголтоос тэр хэд хэдэн удаа буцмаар болж, халширч байснаа хэлсэн юм. Яагаад гэвэл бүх хүнд бусдад харуулахыг хүсэх зүйл бий шиг өөртөө үлдээхийг хүсэх зүйлс гэж бий. Зургаан жилийн турш үргэлжлэх зураг авалт тэр хязгаарт хэдэнтээ тулж очсон гэж тэр хэлэв.

Тэгвэл яагаад амьдралаа дэлгэхээр шийдсэн бэ?  “Ганц би ийм зүйл туулаагүй, надтай ижил олон жолооч эмэгтэй бий. Тэдэнд ч бас хүнд, хүчир байгаа” гэж С.Майхүү хэлсэн.

Өөрийн амьдралыг харуулах шийдвэрийнх нь цаана бусдын хөдөлмөрийг анзаараасай гэсэн хүсэл байжээ. Түүний түүх дэлгэцийн бүтээл болж гарахдаа тэр замд ажиллаж буй жолооч нарын тухай биднийг ярилцахад хүргэж байна.

Кино хэрхэн бүтсэн бэ?

Найруулагч Ч.Хоролдорж анх говьд зураг авч явахдаа ачааны машинуудын урт цувааг дроноор харсан нь энэ киноны сэдэл болжээ. Эдийн засаг нь уул уурхайн экспортоос бүрэн хамаардаг улсын иргэд бид тэр салбарт ажиллаж буй эгэл жирийн жолооч нарын өдөр тутмын амьдралыг хэр мэддэг вэ гэсэн асуулт түүнд төржээ.

Хожим Францад суралцаж байхдаа богино хэмжээний кино бүтээхээр эргэн ирсэн байна. Есөн минутын бүтээлээс эхэлсэн ажил олон жилийн дараа бүрэн хэмжээний кино болсон нь энэ. Гэхдээ 83 минутын урттай киноны ард 500 цагийн бичлэг, түүнээс олон цагийн хамтын хөдөлмөр оржээ.

Үзвэрийн дараа “MGL радио”-ийн хөтлөгч Г.Ариунчулуун эгэл хүмүүсийн асуудлыг гаргаж тавиад, тэдгээр нь тодорхой шийдэлд хүрвэл киноны зорилго биелнэ гэж хэлсэн юм. Асуудал шийдэгдэх хүртэл урт зам байж болно. Гэхдээ асуудлын тухай хэний өмнөөс, ямар мэдрэмж, мэдлэгтэйгээр ярих вэ гэдэг нэг өнцгийг кино бидэнд санал болголоо.  

Нүүрс ачсан машинуудын урт цуваа өнөөдөр ч говийн замаар үргэлжилж байгаа. Алсаас харахад адилхан мэт тэдгээр машины нэгэнд С.Майхүүгийн амьдрал өрнөнө. Бусад бүхээгт ч бидний мэдэхгүй түүхүүд бий.

“Цагаан хадны өнгө” биднийг тэр цувааны нэг машинд сууж, нэг хүний амьдралыг ойроос харахыг урьж байна. Тэр замаас юу олж харах нь харин үзэгч бидний хэрэг. Кино IPTV-д орсон тул зав гарган үзээрэй.

0/1000