АН өнөөдөр 4/11 мэдээллийн цагаараа “Оюутолгой” компанийн ноогдол ашгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл:
-“Оюутолгой”-н ноогдол ашиг гэх зүйлийг тойрч, улсаараа бид хэрэлдэж байна, хэлэлцэж байна. Үүний ард олон асуултын тэмдэг байна. “Оюутолгой”-н 3 ихнаяд ноогдол ашиг мөн үү? Үүнд ЗГ нэг мөр хариулт өгөх ёстой. 2-рт, энэ ноогдол ашгийг жил бүр өгнө гэдгээ нөгөө тал илэрхийлсэн үү? гэдгийг тодотгох ёстой. “Рио тинто” талаас энэ талаарх албан ёсны байр суурь алга байна.
“Рио тинто” компани Монгол Улсын Засгийн газарт нэг удаагийн төлбөр өгөх санал гаргасан байх магадлалтай. Хэрэв нэг удаагийн төлбөр юм бол нөгөө тал 1 зүйл авахаар тохиролцсон байж таарна. Тэр нь юу юм бэ? “Онтрэ”-гийн гэж байгаа, “Оюутолгой” ордын 30 хувьтай тэнцэх ордыг наймаалцах асуудал үүний цаана явж байгаа гэдгийг үгүйсгэх аргагүй.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:
-АН-ын бүлэг энэ талаар анхнаасаа байр суурь тодорхой байсан. Эхлээд ноогдол ашгаа баталгаажуулах ёстой. Орж ирвэл ард түмэнд хүртээх ёстой. Алаагүй баавгайн арьсыг хуваагаад, ард түмнийг яагаад бужигнуулаад байгаа юм бэ?
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Албан ёсоор “Рио тинто” компанитай хийсэн хэлцэл байгаа бол түүнийгээ цаасаар гаргаж ир. “Рио тинто” компани албан ёсны байр суурь огт илэрхийлэхгүй байгаа. Жил бүр ноогдол ашиг өгөх тухай огт ярихгүй байгаа. Энэ ноогдол ашгийн тухай ЗГ-ын яриа нь нэг удаагийн төлбөрийн шинжтэй байгаа. Хэрэв тийм бол манай ЗГ хариу төлбөр төлж байгаа.

