БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Шизан (Төвөд)-ы Өөртөө Засах Орны хил хамгаалалтын бүсэд алба хааж буй Хятадын Ардын чөлөөлөх армийн Хуурай замын цэргийн офицер Ван Дүй Цирэн 18 жилийн хугацаанд 1000 гаруй удаа аюултай эргүүлд гарч, амь насаа гурван удаа алдах шахжээ.
Түүний хэлснээр, хил хамгаалалтын эргүүлийн замууд цаст уул, ой модоор дамждаг бөгөөд далайн түвшнээс дээш хамгийн өндөр нь 5312 метр, хамгийн нам нь 2400 орчим метрийн өндөрт байрладаг байна. Зарим газарт уулын эгц хадан хясаа, нурсан чулуу, далд аюул тулгардаг тул цэргүүдийн амь насанд байнга эрсдэл учирдаг аж.
Ван Дүй Цирэн 2013 онд ротын захирагч байхдаа анхны эргүүлд гарсан үеэ одоо ч тод санадаг. Тухайн үед нэг цэрэг сул чулуу дээр гишгэснээр уулын энгэр бүхэлдээ нурж, том жижиг чулуунууд толгой дээгүүр нь нисэн өнгөрчээ. Аз болоход хэн ч гэмтээгүй ч энэ явдал түүний сэтгэлд мартагдашгүй үлдсэн байна.
Хамгийн аюултай хад асгатай хэсгүүдэд тэрээр цэргүүдээ дагуулан урд нь алхаж, “Зайгаа барь”, “Шууд өгсөж болохгүй, чулуу нурна” хэмээн байнга анхааруулдаг. Ийнхүү олон удаа багийнхаа цэргүүдийг аюулаас хамгаалж, хил хамгаалалтын үүргээ гүйцэтгэжээ.


