НЦУГ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Мөрдөн шалгах алба өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж:

-Улсын хэмжээнд 2026 оны эхний 10 сарын байдлаар 54 мянга гаруй гэмт хэрэг бүртгэжээ. Үүний 15628 нь залилах гэмт хэрэг бөгөөд нийт гэмт хэргийн гуравны нэг орчим буюу 82,2 хувийг эзэлж байна.
Залилах гэмт хэргийн улмаас иргэдэд 531.9 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 218.7 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлж, 10.5 тэрбум төгрөгийн нуун дарагдуулсан хөрөнгийг илрүүлсэн байна. Бүртгэсэн залилах гэмт хэргийн 76.4 хувь нь цахим орчинд үйлдэгджээ.
Цахим залилангийн түгээмэл хэлбэрт бараа, үйлчилгээ захиалах, бусдын цахим хаягийг ашиглах, тээврийн хэрэгсэл болон сэлбэг захиалах, Telegram-аар дамжуулан залилан хийх, лайв сугалаа, валют арилжаа, зээл зуучлал зэрэг багтаж байна.
Хар тамхитай холбоотой гэмт хэрэг 2.1 дахин өсжээ
Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж:

Энэ оны эхний есөн сарын байдлаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 430 гэмт хэрэг илрүүлж, 463 хүнийг холбогдогчоор татжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс гэмт хэрэг 2.1 дахин, холбогдогчдын тоо 1.8 дахин өссөн үзүүлэлт юм.
Цагдаагийн байгууллага хууль бус зах зээлд нийлүүлэхээр бэлтгэсэн 15 төрлийн, нийт 123,550 удаагийн хэрэглээний тун бүхий бодисыг хураан авч, 6.6 тэрбум төгрөгийн хууль бус эргэлтийг таслан зогсоосон байна.
Мөн гадаадаас мансууруулах бодис нийлүүлдэг таван бүлгийн 12 этгээдийг баривчилж, Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж байсан 22 этгээдийг тогтоосноос хоёр иргэнийг Монгол Улсад шилжүүлэн авчиржээ. Одоогоор гадаад улсад хар тамхитай холбоотой хэргээр Монгол Улсын 43 иргэн хорих ял эдэлж байгаа аж.
Цагдаагийн байгууллагаас хураагдсан хар тамхийг устгалгүй худалдан борлуулсан гэх мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдэгдэж, эд мөрийн баримтаар хураасан бодисыг шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа холбогдох байгууллагуудын хяналтаар устгадаг гэв.
Цахим залилангийн хохирогч болсон бол 102 дугаарт яаралтай мэдэгдэнэ
Цагдаагийн байгууллагаас цахим залилангийн хохирогч болсон иргэдийг мөнгө шилжүүлсэн даруйдаа цагдаагийн байгууллагад мэдэгдэхийг анхаарууллаа.
Цахим залилангийн улмаас алдсан мөнгийг шуурхай хамгаалах зорилгоор Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, прокурор болон арилжааны банкууд хамтран ажиллаж байгаа бөгөөд залилагчийн дансыг 1–2 цагийн дотор битүүмжлэх боломж бүрдсэн байна.
Иргэд цахим залиланд өртсөн тохиолдолд цагдаагийн байгууллагын 102 болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 5126-5666 дугаарт нэн даруй хандах шаардлагатайг онцоллоо.


