Хөдөө амьдардаг Э “Улаанбаатар хот явна” гэсэн шалтгаанаар 2024.11.30-нд Б-тэй маргалдаж, улмаар түүний цээжний зүүн хэсэгт 1 удаа хутгалж, аминд нь хүрчээ. Энэ хэрэгт Э-д прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлджээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаа Э-ийг баривчилж 2024.12.02-2025.01.08 хүртэл 38 хоног цагдан хорьсон аж. Харин шүүх 2025.05.23-2026.10.14 хүртэл 509 хоног цагдан хорьжээ. Түүнийг нийт 547 хоног хорьсон байна.
Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2026.02.04-нд уг хэргийг хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.1-д зааснаар Э-т 10 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр тогтоожээ. Сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд түүнээс 99 сая төгрөг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Э-т олгохоор шүүх шийдвэрлэсэн байна.
Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2026.05.13-нд уг хэргийг хэлэлцээд, Э-г хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял шийтгэсэн байна. Үүнийг тэр эс зөвшөөрч “Э хууль бус халдлагын эсрэг аргагүй хамгаалалт хийсэн” гэж маргажээ.
Учир нь Э-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэлд “Баруун хацар цус хуралттай. Зүүн чихний дэлбэн цус хуралттай. Зүүн шанаанд цус хуралттай. 2 хацар бага зэрэг овоож хавдсан. Хүзүүний зүүн болон баруун хэсэгт цус хуралттай. Баруун мөрөнд цус хуралттай. Цээжний дээд хэсэгт цус хуралттай. Баруун бугалганы гадна хэсэгт цус хуралттай. Баруун бугалганы гадна доод хэсэгт цус хуралттай. Нуруунд хөхөлбөр өнгийн цус хуралттай. Зүүн бугалганы дотор хэсэгт, дунд хэсэгт цус хуралттай. Хэвлийн хэсэгт цус хуралттай. Баруун гуяны доод хэсэгт шар өнгийн цус хуралттай. Баруун гуяны урд доод хэсэгт цус хуралттай. Зүүн өвдөг зулгаралтай. Толгойн ар дагз, зүүн чамархай овойсон эмзэглэлтэй. Мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Зарим гэмтэл нь 24 цагийн дотор, зарим гэмтэл нь 48-72 цагийн хооронд үүснэ” хэмээн шүүх эмнэлэг дүгнэжээ. Э-ийн биед 21 тооны хөхрөлт, няцралт, гэмтэл үүссэнийг шүүх эмнэлэг тогтоосон байна.
Э 2 өдөр зодуулсныхаа дараа ах У.Э-тэй гар утсаар ярьж “Ах аа! Намайг ирж аваач ээ. Би энд 2 хоног зодууллаа. Утсаар ярих боломж байхгүй. Утсыг маань шатаасан” гэж хэлэхэд ах нь Хэнтий аймгийн таксины зарыг харж, 1 жолооч олоод “Дүүг маань аваад ирээч” гэж хэлсэн аж. Үүний дараа тухайн жолооч ахад нь “1 эрэгтэй хүн утсыг нь аваад яриулахгүй байна. Би авч явах боломжгүй байна” гэж хэлжээ. Тиймээс ах нь хэрэг гарсан өдрийн 18:30 цагаас 19:00 цагийн хооронд цагдаагийн 7056102 дугаарт нийт 6 удаа дуудлага өгсөн байна.
УДШ 2026.10.14-нд уг гомдлыг хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгожээ. Ингэхдээ “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн үндэслэлээр энэ хэргийг хэрэгсэхгүй болгон, Э-г цагаатгасан байна.
Хүний халдашгүй байдалд хууль бусаар халдан довтлох, хүч хэрэглэхийг хэнд ч үл зөвшөөрдөг. Бусдын үргэлжилсэн довтолгооны аль ч үед хүн хамгаалалт хийж болно. Цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь, эрүүл мэндэд аюул занал бодитой оршсоор байгаа бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж, хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгодог.
Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээд дахин халдлага үйлдэх нь тодорхой болж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулж, халдлагад өртөгч этгээд хохирох, илүү их хор хохирол учруулах боломжийг ихэсгэдэг. Объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Э Хэнтий аймагт оршин суух Б-ийн гэрт очсон өдрөөс хойш Б тухайн гэмт хэрэг үйлдэгдэх хүртэл Э-г 2 өдөр зодсон байна. Хэрэг гарах үед Э Улаанбаатар хот руу явах унаа олох зорилгоор бусадтай гар утсаар ярьж байх үед Б нь Э-ийн гар утсыг булаан авч, зууханд хийн шатааж, түүнд хүч хэрэглэн зодож, хоолойг нь боомилжээ. Э түүний гараас мултарч, ширээн дээр байсан хутгыг авч “Ойртвол ална шүү” гээд гараа савахад Б ойртон ирэх үед хутгалсан нь баримтаар тогтоогдсон байна. Э хүн хутгалснаа ч тухайн үед мэдэхгүй байсан аж.
Бусдад зодуулсны дараа хутга авч, гараа савах байдлаар “Ойртвол хутгална шүү” хэмээн Э анхааруулсаар байхад, Б ойртон ирсэн. Э цаашид халдлага үргэлжилж, өөрийн амь нас, эрүүл мэндэд илүү хурцадмал халдлага, аюул занал дахин үүсгэхийг хүлээлгүйгээр нөхцөл байдлыг зөв үнэлэн, өрсөж хамгаалалт хийсэн. Э-ийн үйлдэл нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн, нийгэмд ашигтай үйлдэл” хэмээн УДШ дүгнэжээ. Түүнийг цагаатгах үндэслэл хууль зүйн хувьд бүрдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. УДШ түүнийг нэн даруй хорих байгууллагаас суллахыг ШШГЕГ-т даалгажээ.
Э өөрийн буруугаас бусдыг өдөөн турхирч, Б-ийн сэтгэл санааны хэвийн байдлыг алдагдуулсан, үйлдэлдээ зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгож чадахгүй нөхцөл байдалд санаатайгаар хүргэсэн, халдлага хийх суурь нөхцөл шалтгааныг бий болгосон, улмаар довтолгооны эсрэг хариу үйлдэл хийсэн гэж үзэх нөхцөл, үйл баримт прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нотлох баримтаар тогтоогдоогүй ажээ.

