Хоёр мянга гаруй жилийн өмнө тив, далайг дамнасан соёлын харилцаа ямар хэлбэртэй байсан бол? Тэр үеийн хүмүүс хоорондоо хэрхэн холбогдож, эд зүйлс, мэдлэг, урлагийн бүтээл, үзэл санаагаа яаж солилцдог байв?Италийн Милан хот дахь Fondazione Prada сангийн “Global Antiquity” үзэсгэлэн энэ асуултад археологийн олдворуудын тусламжтай хариулахыг зорьжээ. Африк, Ази, Европын соёлын харилцааг МЭӨ 600 оноос Манай тооллын 1000 он хүртэлх өргөн цаг хугацаанд авч үзсэн уг үзэсгэлэнд дэлхийн 80 орчим орны 150 гаруй урлагийн бүтээл, археологийн дурсгал олны хүртээл болоод байна. Нэн ховор үзмэрээс бүрдсэн өвөрмөц энэхүү үзэсгэлэн өнөөдрөөс эхлээд 2027 оны гуравдугаар сарын 1 хүртэл олон нийтэд нээлттэй байх ажээ.

Монгол Улс энэ үзэсгэлэнд хоёр ховор нандин дурсгалаар оролцож байна. Эхнийх нь Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын дурсгалаас олдсон, Грекийн Олимпын бурхдыг дүрсэлсэн мөнгөн эдлэл юм. Энэхүү олдвор Чингис хаан үндэсний музейн сан хөмрөгт хадгалагддаг. Харин хоёр дахь нь Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань хар уулаас олдсон Хүннүгийн үеийн лакан аяга бөгөөд Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн сан хөмрөгт байдаг.

Эдгээр дурсгал нь зөвхөн эртний урчуудын ур чадвар, гоо зүйн мэдрэмжийг илтгээд зогсохгүй Монголын нутаг дэвсгэр хоёр мянга гаруй жилийн өмнө Евразийн өргөн уудам орон зайг холбосон худалдаа, соёлын харилцааны сүлжээнд багтаж байсныг илтгэх археологийн баримт юм. Тухайн үед Хүннүгийн улс дорно зүгт Хятадын Хан улстай дипломат болон худалдааны харилцаатай байсан бол Төв Азиар дамжсан зам, солилцооны сүлжээгээр өрнө зүгийн соёл, эд зүйлстэй холбогдож байв. Ноён уулын мөнгөн эдлэл дээрх Грекийн домог зүйн дүрслэл, Чандмань хар уулын лакан аяга хоёр нь ийм өргөн харилцааны ул мөрийг өөр өөрийнхөөрөө хадгалжээ.
Үзэсгэлэнгийн куратор, Италийн археологич, урлаг судлаач Салваторе Сеттис эртний дэлхийн харилцааг өнөөгийн даяаршилтай адилтгаж болохгүйг онцолжээ. Тэрээр ASkaNews агентлагийн сурвалжлагч Леонардо Мерлинид өгсөн ярилцлагадаа өнөөгийн даяаршил нь гол төлөв дээрээс доош чиглэсэн, чинээлэг улс орнууд, үндэстэн дамнасан компаниуд, санхүүгийн томоохон төвүүдийн нөлөөнд байдаг тогтолцоо гэж тайлбарласан байна.Харин эртний дэлхийн глобал харилцаа өөр зарчимтай байжээ. Сеттисийн хэлснээр, “Эртний дэлхийн глобал харилцаа өнөөгийнхтэй адилгүй. Энэ нь бидний үеийнх шиг хурдан бус, удаан, ховор давтамжтай үйл явц байсан. Үндсэндээ харилцан тэнцвэртэй, эрх тэгш, хэвтээ чиглэлийн харилцаа байв. ”Тэрээр эртний солилцоог хүмүүсийн бодит хэрэгцээ төдийгүй өөр соёл, өөр ертөнцийг танин мэдэх харилцан сониуч зан хөдөлгөж байсныг жишээгээр тайлбарлажээ. Ромчууд Энэтхэг, Африкаас зааны яс, Энэтхэгээс хар перец зэрэг бараа бүтээгдэхүүн импортолдог байсан ч тэдгээр бараатай хамт Энэтхэгийн жижиг ур хийц, урлагийн бүтээлүүд Ромд хүрч, харин эсрэгээрээ Ромын урлагийн бүтээлүүд ч дээрх чиглэлд нэвтэрч байжээ.

Ийнхүү худалдаа нь зөвхөн бараа бүтээгдэхүүний хөдөлгөөн бус, соёл хоорондын харилцан нөлөөллийн суваг болж байсан аж. Сеттисийн энэ тайлбар Монголын хоёр олдвортой утга агуулгын хувьд шууд холбогдоно. Ноён уулын мөнгөн эдлэл, Чандмань хар уулын лакан аяга нь тухайн үеийн нүүдэлчдийн ертөнц бусад соёл иргэншлээс тусгаар оршиж байгаагүй, харин Евразийн харилцааны томоохон орон зайн нэг хэсэг байсныг сануулж байна.Сеттисийн ярилцлагын хамгийн сонирхолтой санаа нь эд зүйлсийн түүхэн ой санамжийн тухай байв.

Тэрээр “Эдгээр эд зүйлс өөрсдөө ярьдаг. Тэд өөрийн гэсэн дурсамжтай. Аливаа эд зүйлд хадгалагдан үлдсэн түүхэн ой санамж гэж бий” хэмээн хэлжээ. Гэхдээ эд зүйлсийг “яриулахын” тулд археологийн шинжлэх ухааны арга зүй, олдворуудыг харьцуулан судлах зарчим чухал гэдгийг тэрээр онцолсон байна. Энэ бол үзэсгэлэнгийн гол үзэл санааны нэг юм. Эд өлгийн зүйлсийг зөвхөн үзэсгэлэнгийн шилэн хоргонд байрлуулсан гоёмсог бүтээл гэж харах бус, тэдгээрийн гарал үүсэл, хийц, дүрслэл, хэрэглээ, аялсан зам, бусад олдвортой ижил төстэй болон ялгаатай шинжээр нь дамжуулан түүхийг сэргээн унших боломжтой.Монголын хоёр дурсгал ч ийм түүх өгүүлнэ. Ноён уулын мөнгөн эдлэл дээрх Грекийн домог зүйн дүрслэл бидний төсөөлдөг газар зүйн заагаас хавьгүй хол давсан соёлын холбоог сануулна. Харин Чандмань хар уулын лакан аяга нь Хүннүгийн үеийн эд хэрэглэлийн соёл, ур хийц, дорнын соёлын харилцааг судлах чухал баримт юм. Тэдгээрийг хамтад нь авч үзэхэд Монголын нутаг Евразийн соёлын солилцооны зөвхөн зах хязгаар бус, харилцааны олон чиглэл огтлолцож байсан өргөн орон зайн нэг хэсэг байсныг ойлгож болно.“Global Antiquity” үзэсгэлэнгийн ач холбогдол ч үүнд оршино. Энэ нь эртний соёл иргэншлүүдийг тус тусад нь, бие биеэсээ ангид оршиж байсан мэтээр бус, худалдаа, нүүдэл, шилжилт хөдөлгөөн, сониуч зан, харилцан нөлөөллөөр холбогдсон нэгэн өргөн ертөнцийн хүрээнд харуулж байна.
Миланы үзэсгэлэнд МЭӨ 560–540 оны үед бүтээгдсэн, Африк эсвэл Азиас гаралтай зааны яс, Балтын тэнгисийн хуваар урласан Италийн Белмонте-Пиченогийн авдар нь эртний худалдааны сүлжээний цар хүрээг харуулж гэрчилж буй.

Харин Монголын Ноён уулын булшнаас олдсон Грекийн Олимпын бурхдыг дүрсэлсэн мөнгөн эдлэл, МЭ 260–270 оны үед хамаарах Персийн Шапур I хаан Ромын эзэн хаан Валерианыг ялж буйг дүрсэлсэн сардониксон камей хоёр нь газар зүй, улс төрийн хил хязгаарыг давсан соёлын нөлөөлөл, эртний ертөнцийн харилцааны тухай өөр өөрийн түүхийг өгүүлнэ.

Мянга мянган жилийн өмнө бүтээгдсэн эд зүйлс өнөөдөр Миланд цугларч, өөр өөр тивийн хүмүүсийн түүхийг нэг дор хүүрнэж байна. Тэдгээрийн дунд Монголын хоёр дурсгал бий. Тэд бидэнд зөвхөн өнгөрсөн үеийн тухай бус, Монголын нутаг дэлхийн түүхийн ямар өргөн харилцааны нэг хэсэг байсныг эргэн харах боломж олгож байна.


