“Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар хэлэлцэнэ. Энэ төсөл батлагдвал ҮХЦ-ийн даргын цалин 7.245.360 төгрөг, гишүүний цалин 6.995.520 төгрөг болж, нэмэгдэнэ. Одоо ҮХЦ-ийн дарга 5.727.476 төгрөг, гишүүн 5.777.677 төгрөгийн цалин авч байна.
Цалингаа нэмүүлэхээр Үндсэн хуулийн цэц 2026.08.12-нд УИХ-д ханджээ. Үүнд үндэслэн Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан “Цалингийн хэмжээг тогтоох итгэлцүүр батлах тухай” тогтоолын төслийг өчигдөр чуулганаар хэлэлцсэн ч санал хураалгүй, хойшлуулав. Тус хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа танилцууллаа.
Байнгын хорооны хуралдаанаар уг тогтоолын төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Ж.Баярмаа, С.Зулпхар нар байгууллага бүрээр цалин хөлс тогтоодог байдлыг шүүмжилж, цалин хөлсийг нэгдсэн бодлого, итгэлцүүр тогтоодог байх шаардлагатай гэсэн юм. УИХ-ын дарга С.Бямбацогт үүнийг дэмжиж, уг асуудлыг нэгдсэн журмаар хэлэлцэж шийдвэрлэх, итгэлцүүрийн аргачлалд тулгуурлан, ижил түвшний албан тушаалд ижил хэмжээний цалин олох зарчим хэрэгжүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хороо анхаарах шаардлагатай гэсэн.
Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэж үзсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар явуулах санал хураалтыг өнөөдөр нэгдсэн хуралдаанаар явуулахаар боллоо.

