Их Монгол Улс, Чингис хааны түүхтэй холбоотой 300 гаруй олдвор, сурвалж баримт одоогоор Дэлхийн 17 улсад байна. Үүний 80 нь Тайваньд, 62 нь БНХАУ-д, 53 нь Япон Улсад, 5 нь АНУ-д, 5 нь ХБНГУ-д бий. Эдгээрийг эх орондоо буцаан авах, болохгүй бол анхны хуулбарыг нь авчрах, ард иргэддээ таниулах шаардлагатай байгаа юм.
Энэ мэт ажилд шаардагдах зардлыг шийдвэрлэх үүднээс онцгой албан татварын тодорхой хувиар сан бүрдүүлэх тухай санал гарч эхэлсэн. “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ баталбал уг санг байгуулах боломж бүрдэх юм.
Уг төслийг өчигдөр УИХ нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг судлах, хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээл туурвих, сурталчлах ажлыг дэмжих, эрчимжүүлэх, татвараас чөлөөлөх, хааны нэр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, гадаад улс орнуудад хадгалагдаж байгаа түүхийн эх сурвалж, эд өлгийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг татан авах талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар уг төсөлд тусгасан байна.
Энэ төслийг байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Чингис хааны эш хөргийг согтууруулах ундаа, тамхины сав, баглаа, боодолд ашиглахыг хориглох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарчмын зөрүүтэй санал гаргасан. Үүнийг байнгын хороо дэмжсэн юм.
УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “Үндэсний ёс суртахуун, үзэл санаа, үнэт зүйлийн илэрхийлэл болсон Чингис хааныхаа хөргийг архи, тамхинд хэрэглэхийг хориглох асуудлыг дэмжиж өгөхийг Улсын Их Хурлын гишүүдэд уриалъя. Дараагийн ээлжинд боржигон овгийн сүлд болох шонхор шувуугаа худалдахыг хориглох ёстой” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Хааны хөргийг архи, тамихинд хэрэглэхийн бид дотооддоо хорьж чадсан ч гадаад улсуудад хориглож чадахгүй. Үндэсний бахархлаа хөгжүүлэх, аялал жуулчлалын брэнд болгох, өсвөр үе, хүүхэд залуустаа таниулах талаар хангалтгүй ажиллаж байна” гэж шүүмжлэв.
УИХ-ын гишүүн Д.Рэгдэл “Чингис хаанаас өмнө монгол туургатан төрт ёсны уламжлалтай байсныг тогтоолын төсөлд харгалзан үзээрэй. Өвлийн тэргүүн сарын 1-нийг Монгол бахархлын өдөр болгосонтой холбогдуулан, Чингис хаан эхээс мэндэлсэн 1162 онд өвлийн эхэн сарын 1 Юлийн тооллоор хэдэн сарын хэдний өдөр байсныг тогтоож, орчин цагийн он тоололд оруулж тогтмолжуулах нь зүйтэй. Тулгар төр гэсэн үгийг хууль тогтоомжид хэрэглэхгүй байх хэрэгтэй” гэсэн санал гаргалаа.
Энэ тогтоолын төслийг батлах эсэхийг УИХ өнөөдөр (2026.11.06) нэгдсэн хуралдаанаар шийднэ.

