Индонезийн Горонтало мужийн Ботубарани тосгон халиман аварга загасыг үзэх, тэдэнтэй ойр харилцах хүсэлтэй жуулчдын очих дуртай газар болжээ. Өмнө нь загас агнуураас өөр орлогын эх үүсвэргүй байсан тосгоны иргэд аялал жуулчлалаар дамжуулан амьжиргаагаа дээшлүүлж байна.
47 настай Ансар Ласимпала шилэн ёроолтой завиараа жуулчдыг далайн усан доогуур сэлж буй аварга загасны дэргэд хүргэж өгдөг. Тэрбээр өмнө нь загасчнаар ажиллаж, сард 400 мянган рупи олдог байсан бол одоо аялал жуулчлалаас сарын гурван сая рупи буюу 167 орчим ам.долларын орлого олох болжээ. Тус тосгоны 80 орчим иргэн завь түрээслүүлэх, шумбалтын үйлчилгээ үзүүлэх, дрон ашиглан зураг авах зэргээр орлого олж байна.
2016 онд олон арван халиман аварга загас нэг дор харагдсан бичлэг Facebook сүлжээнд тарснаар тосгон олны анхааралд өртжээ. Нутгийн иргэдийн хэлснээр эдгээр загас далайн эрэг орчимд хэдэн арван жилийн турш үзэгдэж ирсэн бөгөөд жуулчид тэднийг индонез хэлний “sering terlihat” буюу “байнга харагддаг” гэсэн үгийн товчлолоор “Серли” хэмээн нэрлэдэг байна.
Халиман аварга загас нь дэлхийн хамгийн том загасны төрөл бөгөөд 100 хүртэл насалж, 18 метр урттай болох боломжтой. Ботубарани орчимд ихэвчлэн 4–6 метр урттай, 30 хүрээгүй залуу эр загаснууд үзэгддэг аж. Байгаль хамгаалагчдын мэдээлснээр энэ төрөл устах аюулд өртөөд байгаа бөгөөд Индонезийн зүүн арлуудын бүсэд 699 орчим халиман аварга загас байдаг гэж Konservasi Indonesia байгууллага тооцоолжээ.
Гэвч аялал жуулчлалын өсөлт байгаль орчинд сөргөөр нөлөөлж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Халиман аварга загасыг байнга хооллох нь тэдний байгалийн зан авирыг өөрчилж, эрүүл мэндэд нь эрсдэл учруулж болзошгүй аж. Тиймээс эрх баригчид жуулчдын үйл ажиллагааны үеэр загасыг шууд хооллохыг аажмаар бууруулахыг зорьж байна.
Загас агнуурын яамны хяналтын багийн ахлагч Сукирман Тилахунга халиман аварга загаснууд тухайн бүсэд байгалийн хоол тэжээл элбэг тул ирдэг болохыг онцолжээ. Тэрбээр планктон болон жижиг загасыг гэрлээр татах нарны эрчим хүчээр ажилладаг төхөөрөмж бүтээсэн байна. Харин байгаль хамгаалагч Икбал Хервата Путра жуулчид өглөөнөөс орой хүртэл загаснуудтай харилцах нь тэдний хэвийн амьдралд хэрхэн нөлөөлөхийг анхаарч, аялал жуулчлалын үйл ажиллагаанд мөрдөх журам боловсруулах шаардлагатай гэж үзжээ.


