horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Т.Баясгалан: Байдрагийн УЦС-ыг барих түншлэгч 19 жилд зардлаа нөхнө

post-img

Эдийн засаг, хөгжлийн яам, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв” ТӨААТҮГ хамтран, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу “Байдрагийн 30 МВт-ын усан цахилгаан станц” төсөл хэрэгжүүлэх сонгон шалгаруулалт зарлаад байна. Энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр Засгийн газар 2026.05.20-нд шийдвэрлэсэн юм. Энэ талаар холбогдох байгууллагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан:

-Байдрагийн УЦС төслийг зураг төсөл боловсруулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр хэрэгжүүлэхээр ЗГ-ын тогтоолд тусгасан. 30 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай энэ төслийн нийт хугацаа 29.4 жил. Үүнээс 4.4 жил буюу 53 сард нь УЦС-аа барина. УЦС-ыг ашиглах хугацаа 25 жил байна. Жилд 58.9 сая кВт/цаг цахилгаан үйлдвэрлэхээр ТЭЗҮ-д тусгасан. Төслийн урьдчилсан төсөвт өртөг 53.3 сая ам.доллар.

Байдраг гол дээр УЦС барьснаар Баянхонгор, Өвөрхангай аймаг болон сумдыг эрчим хүчээр найдвартай хангана. Мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэнэ.

Одоо ашиглаж байгаа Булган аймгаас Баянхонгор аймаг хүртэлх 600 км урттай, 110 кВт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын эрчим хүчний алдагдлыг жилд 17.8 сая кВт/цагаар, мөнгөн дүнгээр тооцвол 2.5 тэрбум төгрөгөөр бууруулна гэсэн тооцоо гарсан. Энэ УЦС оргил ачааллын болон ослын үед горим тохируулах үүрэгтэй.

Байдраг гол дээр 13.5 ам метр талбайтай хиймэл нуур байгуулна. Энэ нь усны нөөц бүрдүүлж, зохистой ашиглах нөхцөл бүрдүүлэхээс гадна усалгаатай тариалан эрхлэх, загас үржүүлэх, аялал жуулчлал хөгжүүлэх зэрэг олон зориулалтаар орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцож байна. Цаг агаарын хэт халалт, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр гол, горхи ширгэх эрсдэлээс сэргийлнэ. Мөнх цас, мөсөн гол, цэвдэг хайлж байгаагаас үүдэлтэй гэнэтийн үерээс урьдчилан сэргийлэхэд энэ УЦС, хиймэл нуур чухал хувь нэмэр оруулна.

Төсөл хэрэгжүүлэх явцад орон нутагт 50-60 хүний байнгын ажлын байр шинээр бий болно. Энэ УЦС-ыг Баянхонгор аймгийн Бууцагаан, Бөмбөгөр сумын хилийн зааг Сүүдэртийн хясаа гэдэг газарт барина. ТЭЗҮ-г 2023 онд боловсруулж, Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж баталсан. Түншлэгч 19 жилд зардлаа нөхнө. Төрд 25 жилийн дараа хүлээлгэж өгнө.

Сонгон шалгаруулалтын материалыг 9 компани худалдаж авсан. Зарим аж ахуйн нэгж тодруулга хүссэн. Ажлын хэсэг хуралдаж, тодруулгын хариуг оролцогч бүх аж ахуйн нэгжид бичгээр өгсөн.

-Энэ УЦС хэрэглэгчдэд цахилгаанаа хэдэн төгрөгөөр борлуулах юм бол?

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн Төсөл хөгжүүлэлтийн газрын дарга Ц.Цэнгэл:

-Монгол Улс эрчим хүчний 1 худалдан авагчийн загвартай. ЭХЗХ, ДҮТ гэрээгээр эрчим хүчээ худалдаж аваад, Монгол Улсад мөрдөж буй үнээр хэрэглэгчдэд борлуулна. Хэрэглэгчид борлуулах цахилгааны үнийг концесс хэрэгжүүлэгч компани өөрөө тогтоохгүй.

-Өвөл үйлдвэрлэх цахилгааны хэмжээ нь зун үйлдвэрлэх хэмжээнээс багасах болов уу. Байдраг голын урсцыг яаж тооцсон бэ?

ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан:

-“Мон хидро” компани ТЭЗҮ-г боловсруулсан. Голын усны урсац улирлын чанартайгаар өөрчлөгддөг. Энэ бүх судалгааг хийж, тооцоод, УЦС ашигтай гэж гарсан. УЦС жилд 58.9 сая кВт/ц цахилгаан үйлдвэрлэнэ.

-Үүсгэх хиймэл нууранд загас үржүүлэхээр төлөвлөчихсөн байгаа юм уу?

-Төлөвлөчихсөн байгаа.

-Засгийн газар баталгаа гарах уу?

-Үүн дээр бол хэлэлцээ хийж байж шийднэ. Энэ бол Тендерийн хуулиас ялгаатай. Оролцогчтой хэлэлцээ хийж, хамгийн сайн нөхцөл санал болгож байгаа оролцогчийг шалгаруулах хуультай. Хувийн компани өөрөө хөрөнгөө гаргаж УЦС барих учир үнэлгээ нь хүртэл өөрөөр явагддаг. Засгийн газраас баталсан жишиг аргачлалтай. Тендерийн хуулиар бол тендерт оролцогчдоос хамгийн бага үнийн санал өгсөн нь ялдаг бол төр, хувийн хэвшлийн түншлэл бол Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай гэсэн тусдаа хуультай. Сонгон шалгаруулалтын үндсэн дээр концесс хэрэгжүүлэгчийг шалгаруулдаг. Ер нь бол сонгон шалгаруулалтынхаа баримт бичгийг дагана. Түншлэлийн төслүүдэд Засгийн газар баталгаа гаргах бодлого одоогоор барихгүй байгаа.

-Эрчим хүчийг нь худалдаж авна гэдэг нь Засгийн газрын баталгаа гэж үзэж болох уу?

-Тийм ээ. Эрчим хүчийг нь төр худалдаж авна гэдэг нь Засгийн газрын баталгаа шүү дээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн Төсөл хөгжүүлэлтийн газрын дарга Ц.Цэнгэл / MPA

–4.4 жил бариад, 25 жил ажиллуулаад, төрд хүлээлгэж өгөх юм байна. Энэ УЦС хэдэн жил ажиллах юм бэ?

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн Төсөл хөгжүүлэлтийн газрын дарга Ц.Цэнгэл:

-ТЭЗҮ-ээр гарсан тооцоо нь 25 жил. Сонгон шалгаруулалтад оролцогч компани үүнээс өөр санал өгч болно. Яг хэдэн жил байхыг сонгон шалгаруулалтаар шалгарсан аж ахуйн нэгжтэй хэлэлцээ хийж, тогтоно.  

УЦС нийт хэдэн жил ажиллах нь шалгарсан компанийн суурилуулах турбингенератороос шалтгаална. Нийт 30 МВт хүчин чадалтай байх шаардлага тавьж байгаа. Компани 15 МВт-ын 2 турбин тавих уу, 10 МВт-ын 3 турбин суурилуулах уу гэдгээ өөрөө шийднэ. Турбины чанар, үзүүлэлт гээд олон хүчин зүйлээс хамаарна л даа.

–Сүүдэртийн хясаанд хэдэн айл, хэчнээн мал байгаа вэ. Хэдэн малчин айлын өвөлжөө, хаваржаа нүүлгэх шаардлагатай вэ?

-Сүүдэртийн хясаа бол харьцангуй малчин цөөтэй. Малчдын өвөлжөө, хаваржааг судлаад, шаардлагатай тооцоог ТЭЗҮ-д тусгасан байгаа.

ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан / MPA

ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан:

-Ашигт малтмалын газраас лавлагаа авсан. Тэнд 1 компанид лиценз олгосон талбай бий. Тэр компанитай хэлэлцээ хийсэн. УЦС барих 4.4 жилийн хугацаанд тэр компани зэрэгцэн олборлолтоо явуулж дуусгах юм байна лээ. УЦС барих талбай бусдын газартай давхцах эрсдэл багатай.

–Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар хэрэгжүүлэх гэж буй анхны төсөл нь Байдраг УЦС болж байна. Цаашид эрчим хүчний төслүүдийг энэ хуулиар хэрэгжүүлэх үү?

-Өмнө нь ийм төслийг Концессын тухай хуулиар хэрэгжүүлдэг байсан. 2010 онд батлагдсан энэ хууль 2022 он дуустал үйлчилсэн. Энэ хуулийн дагуу концессоор хэрэгжүүлсэн томоохон төслүүд бий. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2023.12.31-нээс үйлчилж эхэлсэн. Авто замын төслүүдийг энэ хуулиар хэрэгжүүлэх гэж байна. “Түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай” тогтоолын төсөл Засгийн газраар хэлэлцүүлэхээр хүлээж байна.

Эрчим хүчний төслүүдээс Байдрагийн УЦС-ыг энэ хуулиар хэрэгжүүлэхээр ЗГ шийдвэр гаргасан. Сонгон шалгаруулалтаар түншлэгч шалгарвал бид ЗГ-т танилцуулж, түншлэлийн гэрээ байгуулах эрхээ авна. Энэ түншлэлийн гэрээд ЭЗХ-ийн сайд, ЭХ-ний сайд, төсөл хэрэгжих аймгийн засаг дарга нар гарын үсэг зурна. Нөгөө талаас хувийн хэвшлийн түншлэгч гарын үсэг зурна.

Гэрээний зүйл, заалт бүрээр хэлэлцээ хийж, гэрээ байгуулдаг тусгайлсан зохицуулалттай. Бид өмнөх сонгон шалгаруулалтын дараа Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын төсөлд ажлын хэсэг сайн ажиллаж, хэлэлцээгээ амжилттай хийсэн.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн захирал Х.Алтай /MPA агентлаг

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн захирал Х.Алтай:

-2023 онд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон. Энэ хуулийн дагуу хэрэгжүүлэх эрчим хүчний анхны төсөл нь Байдрагийн УЦС. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн концепцыг олон улс, ялангуяа БНХАУ түлхүү хэрэглэдэг. Хэрэглээд маш олон жил болж байгаа концепц. Өнөөгийн нөхцөлд Монгол Улсын том, гол бүтээн байгуулалт, дэд бүтэц, эрчим хүч, бусад томоохон төслийг цаашид төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх юм байна лээ.

Анхны энэ төслийг харж байхад сонирхол бол харьцангуй өндөр байна. Нэлээн олон аж ахуйн нэгж оролцох сонирхлоо илэрхийлж, материал аваад танилцаж байна. Ер нь энэ концепц Монгол Улсад ирээдүйтэй гэж хэлэхээр байна.

ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан:

-УИХ удахгүй 2027 оны улсын төсөв батална. Төсвийн төсөлд шинэ хөрөнгө оруулалт тун цөөн байгаа шүү дээ. Эдийн засаг бас хүнд байна. Ийм нөхцөлд хувийн хэвшилтэй түншилж, томоохон дэд бүтцийн төслүүдээ хэрэгжүүлэх сонирхол ЗГ-т байгаа.

Лүнгийн замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр судалгаа хийж байна. Дэлхийн банк энэн дээр ирж уулзсан. Энэ төслийн явц их ахицтай байна. Дархан-Алтанбулагийн замыг бас түншлэлээр тавихаар хөгжлийн төлөвлөгөөнд туссан. Хөгжлийн бодлогын баримт бичигт төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээгээр хэрэгжүүлэхээр тусгасан, УИХ-аас баталдаг жил жилийн төлөвлөгөөнд туссан, нэр заасан төсүүдийг бид түншлэлээр хэрэгжүүлэх хуультай.

БОУАӨЯ аюултай хог хаягдал устгах байгууламж Төв аймагт барихаар төлөвлөсөн. Энэ төслийг судалж байна. Дархан-Уул аймагт барих ложистикийн төсөл, зүүн босоо төмөр замын төсөл байна. Дэлхийн банк, Боловсролын яамнаас нийгмийн үйлчилгээний төслийн санал ирсэн. Түншлэлээр сургууль, цэцэрлэг барих санал ирсэн байгаа.  

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн захирал Х.Алтай:

-Хувийн хэвшил өөрөө төсөл санаачлаад, бидэнд хандах бүрэн боломжтой.

ЭЗХЯ-ны Төр, хувийн хэвшлийн түншлэлийн газрын дарга Т.Баясгалан:

-Тэр төсөл нь хөгжлийн бодлогын баримт бичигт тусаагүй байвал бид ирэх жилийнх нь төлөвлөгөөнд тусгадаг. Хувийн хэвшил урьдчилсан үнэлгээ, бүрэн шинжилгээ хийж, давуу эрхийн оноогоо авна. Байдрагийн УЦС бол ЗГ санаачилсан төсөл.

-Монгол Улсад бүртгэлтэй дотоодын компаниуд л төсөл санаачлах уу. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж санаачилж болох уу?

-Болно. Европын компаниуд төмөр замын төсөлд оролцох саналаа илэрхийлж байгаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн захирал Х.Алтай:

-Хуулиар хязгаарласан 3 салбар бий. Банк санхүү, уул уурхай, батлан хамгаалахаас бусад салбарт түншлэлийн төсөл хэрэгжүүлж болно.

0/1000