“Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр чуулганаар баталлаа. Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг судлах, хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээл туурвих, сурталчлах ажлыг дэмжих, эрчимжүүлэх, татвараас чөлөөлөх, хааны нэр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, гадаад улс орнуудад хадгалагдаж байгаа түүхийн эх сурвалж, эд өлгийг олж тогтоох, эх хувь болон хуулбарыг татан авах талаар санал, шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулахыг Засгийн газарт даалгахаар уг тогтоолд тусгасан байна.
Энэ тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Гантөмөр Чингис хааны эш хөргийг согтууруулах ундаа, тамхины сав, баглаа, боодолд ашиглахыг хориглох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, өргөн мэдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгох тухай зарчмын зөрүүтэй санал гаргасан. Үүнийг байнгын хороо дэмжсэн юм. УИХ ч үүнийг дэмжлээ.
Их Монгол Улс, Чингис хааны түүхтэй холбоотой 300 гаруй олдвор, сурвалж баримт одоогоор Дэлхийн 17 улсад байна. Үүний 80 нь Тайваньд, 62 нь БНХАУ-д, 53 нь Япон Улсад, 5 нь АНУ-д, 5 нь ХБНГУ-д бий. Эдгээрийг эх орондоо буцаан авах, болохгүй бол анхны хуулбарыг нь авчрах, ард иргэддээ таниулах шаардлагатай байгаа юм.
Энэ мэт ажилд шаардагдах зардлыг шийдвэрлэх үүднээс онцгой албан татварын тодорхой хувиар сан бүрдүүлэх тухай санал гарч эхэлсэн. Уг санг ЗГ байгуулах боломж ийн бүрдлээ.

