Шатахууны шуурхай штаб өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Энэ үеэр энгийн болон евро стандартын АИ92 бензинийг хольдог эсэхийг тодрууллаа.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
-Яг үүн дээр маргаан гарч байгаа. “Энгийн АИ92 бензинийг евро АИ92 гэж зараад байна” гэдэг. Энгийн 92-ыг евро 92 гэж зарах ямар нэг боломж байхгүй. Миний ойлгож байгаагаар, ШТС-уудын өгсөн мэдээллээр, Евро АИ92, энгийн АИ92 бензинийг зардаг хошуу тусдаа саванд байдаг. Энэ савыг хооронд нь холих боломжгүй. Холивол энгийн 92-ын 500 ппм, евро 92-ын 10 ппм хүхрийн хэмжээ нь зөрнө.
Ингэсэн тохиолдолд АМГТГ-аас 7 хоногийн 2 өдөр түүвэрчилсэн аргаар бүх ШТС-аас дээж аван, шинжилж байгаа. Энэ шинжилгээнийхээ мэдээллийг АМГТГ вэб саит болон цахим хуудсаар мэдээлж байгаа. Хэрвээ үүн дээр ямар нэг байдлаар хольсон, хүхрийн хэмжээг бууруулсан зөрчил гарвал тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах боломжтой.

