Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг Засгийн газар 2026.05.13-нд албан тушаалаас нь чөлөөлж, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан Б.Энхсүхийг томилсон. Н.Ууганбаяр үүнийг эсэргүүцэн, шүүхэд ханджээ. Тэрээр Засгийн газрын 2026.05.13-ны 200 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжилсэн байна.
Н.Ууганбаяр ГИХГ-ын даргаар 5 жил 5 сар 14 хоног ажиллажээ. Түүнийг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр Засгийн газар ажлаас чөлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн яамны мэдэлд шилжүүлсэн байна. Ингэхдээ Н.Ууганбаярт мэдэгдэх, сонсох ажиллагаа хийгээгүй аж.
ГИХГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа 6 жил байдаг. Энэ хугацаа дуусаагүй байсан ажлаас чөлөөлсөн гэж тэрээр шүүхэдсэн байна.
Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Н.Ууганбаярыг ажлаас нь чөлөөлүүлэхээр ХЗДХ-ийн сайд 2020.05.06-нд 1-2293 тоот албан бичгээр Ерөнхий сайдад санал хүргүүлсэн. 2016.08.17-ны 44 дүгээр тогтоолоор Д.М-ийг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 2020.08.05-ны 44 дүгээр тогтоолоор чөлөөлсөн. Д.М-ийн бүрэн эрхийн хугацаа дуусахад 2 жил дутуу байхад Н.Ууганбаярыг Засгийн газар 2020.08.05-нд 45 дугаар тогтоолоор ГИХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, тухайн оны 261 дугаартай тогтоолоор жинхэлж томилсон байна. “Агентлагийн даргын бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол дараагийн томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх даргын бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэж заасан байдаг. Үүний дагуу бүрэн эрхийн хугацаа нь 2020.08.07-нд дуусгавар болсон байхад үргэлжлүүлэн 2026.05.13 хүртэл ажилласан.
Сонсох ажиллагааг **** дугаарын утсаар мэдэгдэхэд тайлбар, санал байхгүй тухай хэлсэн байдаг. Мөн ХЗДХЯ-нд Н.Ууганбаярыг ажиллуулах сул орон тоо байгаагүй тул түүнийг ажлын байраар хангах боломжгүй байсан” гэжээ.
Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өнөөдөр уг нэхэмжлэлийг хэлэлцээд, “Н.Ууганбаярыг ажлаас чөлөөлсөн Засгийн газрын 2026.05.13-ны 200 дугаар тогтоолыг Засгийн газрын тухай хуулийн 184 зүйлийн 2 дахь хэсгийг баримталж гаргасан. Өмнөх дарга Д.М-ийг ажлаас чөлөөлсний дараа үлдсэн 2 жилийн хугацаанаас илүү буюу 5 жил ажиллуулсан байдал нь нэхэмжлэгчийг үргэлжлүүлэн 6 жилээ бүтэн ажиллах ёстой гэх эрхийг нээхгүй” гэж үзлээ.
“Төрийн албаны хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг. Хөдөлмөрлөх эрхийг нь бүрэн дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийг хэрэглэх шаардлагатай. Нэхэмжлэгчийг ХЗДХЯ-ны мэдэлд шилжүүлж, тодорхой ажлын байраар хангуулахаар тогтоолд дурдсан учир сонсох ажиллагаа явуулаагүйг буруутгах үндэслэлгүй” хэмээн Н.Ууганбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

