Египетийн Гиза мужид ням гарагт хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас долоон хүн амиа алдаж, 112 хүн гэмтэж бэртжээ. Тус улсын Эрүүл мэнд, хүн амын яамны мэдээлснээр, шархадсан хүмүүсийг Гиза болон Бени-Суэйф мужийн эмнэлгүүдэд хүргэн эмчилж байна.
Гэмтэж бэртсэн хүмүүсээс 45 нь биеийн байдал нь сайжирч, шаардлагатай эмчилгээ хийлгэсний дараа эмнэлгээс гарсан бол долоон хүнийг ойрын хугацаанд гаргахаар төлөвлөжээ. Бусад өвчтөн эмчийн хяналтад үргэлжлүүлэн эмчлүүлж байгаа аж. Египет дэх БНХАУ-ын Элчин сайдын яамны мэдээлснээр, одоогоор Хятадын иргэд гэмтэж бэртсэн, амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Ослын газарт аврах, нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд 72 түргэн тусламжийн автомашин оролцжээ. Египетийн Эрүүл мэндийн сайд Халед Абдель Гаффар хоёр мужийн эмнэлгүүдэд бэлэн байдлаа нэмэгдүүлж, шаардлагатай эмнэлгийн болон яаралтай тусламжийг үзүүлэх үүрэг өгсөн байна.
Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси ослын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэж, амиа алдсан хүмүүсийн ар гэрт эмгэнэл илэрхийлжээ. Тэрбээр холбогдох байгууллагуудад ослыг шуурхай шалгаж, эмнэлгийн тусламжийг бүрэн үзүүлэх, хайхрамжгүй хандсан нь тогтоогдсон хүмүүсийг хариуцлагад татах чиглэл өгсөн байна.
Египетийн төмөр замын удирдлагын мэдээлснээр, осол Кафр Аммар болон Аль-Ракка өртөөний хооронд болжээ. Гиза-Фаюм чиглэлийн галт тэрэг Каир-Асуан чиглэлийн өөр нэг галт тэрэгний сүүл хэсгийг мөргөсөн байна. Ослын газарт аврах баг, кран ажиллуулж, вагонуудыг зайлуулан төмөр замын хөдөлгөөнийг хоёр чиглэлд сэргээхээр ажиллаж байгаа аж.
Египетийн төмөр замын сүлжээ хуучирсан тоног төхөөрөмж, удирдлагын доголдолтой холбоотойгоор олон жилийн турш осол аваар гарах эрсдэлтэй тулгарсаар иржээ. Тус улсын хамгийн олон хүний амь нас хохирсон төмөр замын осол 2002 онд Гизагийн Аят дүүрэгт болсон бөгөөд Каир-Луксор чиглэлийн галт тэргэнд гарсан галын улмаас 380 гаруй хүн амиа алдсан юм.


