Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж, бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар нийслэлийн Прокурорын газарт хүргүүлэв.
Д.М, Б.Г, Г.Т, Ц.Ч, Г.Б нар гэмт хэрэг үйлдэж, ашиг олох зорилгоор зохион байгуулалттай гэмт бүлэгт элсжээ. Тэд нийслэлийн Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орогнодог, орон гэргүй, тэнэмэл, архины хамааралтай, оршин суух тодорхой хаяггүй иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар олж авчээ. Түүнийгээ өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр ашиглан, интернэт банканд нь халдаж, холбогдох мэдээллийг нь засаж өөрчилсөн байна. Ингээд тухайн хүмүүсийн дансыг гэмт хэрэгтээ ашигладаг байжээ.
Улсын бүртгэл, цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд тэдэнд иргэдийн хувийн мэдээлэл, лавлагааг гарган өгдөг байсан аж. Цагдаа, улсын бүртгэгч нар үүнийхээ хариуд гэмт этгээдүүдээс байнга хахууль авдаг байжээ.
Орлогынхоо хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор тэд өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр хөдлөх хөрөнгө худалдан авч, эдийн засгийн эргэлтэд оруулжээ. Тэндээс гарсан ашгийг өөрсдөө авч хэрэглэдэг байсан аж.

