АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг өнөөдөр (2026.11.09) сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн:
-Хуулийн байгууллагаас хамтарсан ажлын хэсэг байгуулан, нийслэлийн 24 төсөл хөтөлбөр, тэр дундаа Туулын хурдны зам, Шинэ тойрог зам, Сэлбэ дэд төвийн ажилд холбогдуулан мөрдөн байцаалт явуулж байна. Ажлын хэсэг 6 хэрэг нээн, ажиллаж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд маш их хэмжээний цахим файл болон тендер сонгон шалгаруулалтын санхүүгийн баримтуудыг нийт 40 гаруй удаагийн үзлэг, нэгжлэгийн явцад холбогдох байгууллагуудаас гаргуулж авсан.
Төсөл, хөтөлбөр хариуцсан албан тушаалтнууд болон түүнийг хэрэгжүүлэхэд оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл гээд 200 орчим хүнээс мэдүүлэг авч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлан, ирүүлсэн файл материалуудад судалгаа шинжилгээ хийж, санхүүгийн мөрдлөг явуулан, зарим мэргэжлийн байгууллагад хандан зөвлөмж, дүгнэлт гаргуулж байна. Шалгасан 6 хэргээс 4 хүнд холбогдох 1 хэргийг бүрэн шалгаж дуусаад, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Үлдсэн 5 хэрэг дээр эрүүгийн болон санхүүгийн мөрдөн шалгалт явуулж байна. Эдгээр хэрэг дээр 9 хүнийг яллагдагчаар татсан. Эдгээр хүнд хуульд заасан таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Хотын дарга асан Х.Нямбаатар “Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгчээр шалгарсан нэр бүхий хуулийн этгээдэд төслийн урьдчилгаа болох 500 тэрбум төгрөгийг олгохдоо Тендерийн хуулийн тодорхой заалтыг зөрчиж, санхүүжилтийн гүйлгээ хийх эрхийг тухайн үед орлогч асан Т.Даваадалайд шилжүүлж, хуульд заасан шаардлага хангаагүй байхад баталгаа гаргах эрхгүй этгээд баталгаа гаргасан байхад 500 тэрбум төгрөг шилжүүлсэн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзэн, 2026.09.25-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан.
Тухайн үед нийслэлийн ЗДТГ-ын Б гэдэг албан тушаалтан “Урьчилгаа төлбөрийн 500 тэрбумыг шилжүүлэх боломжгүй байна” гэж санхүүжилтийн эрх нээхээс татгалзсан байхад Х.Нямбаатар нь Т.Даваадалай руу шилжүүлсэн байдаг. Энэ хэргийг мөрдөн шалгаж байна.
Яллагдагчаар татсан тогтоолыг хуульд заасны дагуу танилцуулах ёстой. Энэ зорилгоор сэжигтэн Х.Нямбаатарыг дуудан ирүүлэх бичгийг удаа дараа хүргүүлэхэд ирээгүй. Шалгаад үзэхэд, Х.Нямбаатар 2026.08.10-нд Монгол Улсын хилээр гадаад руу нэвтэрсэн мэдээлэл байна. Хаяг байршлыг нь тодруулахаар ЦЕГ-ын Интерполын үндэсний товчооны Ажлын албаар дамжуулан, Олон улсын цагдаагийн байгуулагад хандсан. Одоогоор албан бус мэдээллээр Канад улсад түр оршин сууж байгаа гэдэг мэдээлэл авсан. Монгол Улс Канад улс хооронд эрүүгийн хэрэгт харилцан туслалцах гэрээ байхгүй. Гэхдээ Монгол, Канад хоёулаа авлигын эсрэг НҮБ-ын конвецод нэгдсэн улс. Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийнх нь нутаг дэвсгэрт байвал тухайн улсад шилжүүлэн өгөх хуулийн зохицуулалттай. Бид олон улсын байгууллагад хүсэлтээ хүргүүлсэн. Одоогоор хариу ирээгүй байна.
“Туулын хурдны зам” төсөл дээр Х.Нямбаатараас гадна 5 хүнийг шалгаж байна. Тэднийг албан тушаалаа урвуулан ашигласан гэж үзэж, яллагдагчаар татсан. Туулын хурдны замын гүйцэтгэгч компанийн арилжааны банкны 14 дансанд байгаа 339 тэрбум төгрөгийн хөрөнгийг царцаасан. Урьдчилгаа төлбөр болох 500 тэрбумаас 339 тэрбумыг дансанд нь царцаасан бол 160 тэрбумыг төслийн үйл ажиллагаанд зарцуулсан нөхцөл байдал тогтоогдсон.
Энэ төслийг хэрэгжүүлэх явцад нийслэлийн ногоон бүсийн 7.2 га талбай өртсөн. Туул голын бургасан ойг шилжүүлж, төслийг хэрэгжүүлэх ёстой байтал огт шилжүүлэхгүйгээр хавтгайруулан огтолж, 352.2 сая төгрөгийн хохирол учруулсныг мэргэжлийн байгууллага тогтоосон.
Шинэ тойрог замын ТЭЗҮ, зураг төсөв нэртэй 16.9 тэрбум төгрөгийн өртөг бүхий тендер зарласан. Тендерийн сонгон шалгаруулалтыг орлогч асан Т.Даваадалай хийж, хамаарал бүхий 3 этгээдтэй нийлж, хууль бусаар шалгаруулсан. Энэ үндэслэлээр Т.Даваадалай болон уг 3 албан тушаалтныг их хэмжээний ашиг олж, мөнгө угаасан гэмт хэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 дахь хэсэг, 18.6.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, хэргийг мөрдөн шалгаж дууссан. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлээд байна. Хэргийг урьдчилан хэлэлцэх тов зарлаагүй байна. Энэ хэрэгт холбогдуулан Т.Даваадалай болон бусад этгээдийн 6.2 тэрбум төгрөгийн үл хөдлөх болон мөнгөн хөрөнгийг битүүмжилж, хамгаалсан.
Сэлбэ дэд төвийн төсөлтэй холбоотой 7 багц тендер зарласан байдаг. Нийт 4.2 багц буюу 994 айлын 14 блок барилга 223.4 тэрбумын төсөвт өртөгтэй. Энд нэр бүхий хуулийн этгээдийг сонгон шалгаруулахдаа хариуцаж байсан албан тушаалтнууд бусдад эдийн засгийн давуу байдал олгосон үндэслэлээр мөрдөн шалгаж байна. Үүнд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч этгээд өөрийн хамаарал бүхий хуулийн этгээдийг шалгаруулахад оролцсон хэргийг шалгаж байна.
Хотын дарга асан Х.Нямбаатарыг өөрийн хамаарал бүхий хуулийн этгээд болон хүнд 20 гаруй тендерийг хууль бусаар өгч, санхүүжилт олгосон байж болзошгүй гэдэг асуудлаар шалгаж байна. Тухайлбал: Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий, нэгдмэл ашиг сонирхолтой С гэж хүний үүсгэн байгуулсан нэр бүхий хуулийн этгээдийг 2024.02.07-нд Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгын зураг төсөв боловсруулах ажлыг 3.8 тэрбум төгрөгөөр хийх тендерт шалгаруулсан гэж буруутган, шалгаж байна.
Мөн энэ хуулийн этгээдийг 2025 оны 4 дүгээр сард нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан СТӨ-ний засварын ажлыг 678 сая төгрөгөөр хийх ажилд хууль бусаар шалгаруулжээ. Мөн Хэнтий аймгийн Бэрх тосгонд 2023 оны 9 дүгээр сард 640 хүүхдийн сургуулийн барилгыг 1.7 тэрбумаар хийх төсөвт өртөгтэй тендерт хууль бусаар шалгаруулж, санхүүжилт олгосон хэргүүдийг мөрдөн шалгаж байна.
“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам”, “Бодь” группийн хооронд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн санхүүжилттэй холбоотойгоор 110 сая ам.долларын авлига тараасан гэдэг мэдээллийн дагуу хэрэг нээн, мөрдөн шалгаж байна. “Бодь” группийн төсөл бүрэн хэрэгжиж дууссан. 2020-2025 онд санхүүг нь олон улсын аудитын 2 компани хянан шалгажээ. Одоо тогтоогдож байгаа нөхцөл байдлаар урьдчилгаа төлбөрт 110 сая ам.долларын гүйлгээ огт хийгээгүй. Их хэмжээний долларыг бэлнээр зарлагадсан баримт тогтоогдоогүй. Харин урьдчилгаа төлбөрт 286 тэрбум төгрөг олгосон баримт байгаа. Тэгэхээр олон нийтийн дунд 110 сая ам.доллар бэлнээр авч тараасан гэдэг ташаа мэдээлэл байна.

