АТГ, ЦЕГ-ын хамтарсан мөрдөн шалгах ажлын хэсэг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Н.Дамдинсүрэн:
-Авлигын эсрэг хуульд заасны дагуу АТГ нийтийн албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгадаг. 2026 оны 10 дугаар сарын байдлаар нийтийн 155 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаад байна. Үүний 55 нь худал мэдүүлсэн, эсвэл огт мэдүүлээгүй зөрчил илэрч, хариуцлага тооцуулах санал хүргүүлсэн. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 76 хувиар өссөн.
Хөрөнгө, орлогын мэдүүлэг хянан шалгахын гол зорилго нь нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг илрүүлэх, мэдүүлээгүй хөрөнгийг тогтоох, тухайн хөрөнгийн эх үүсвэрийг нягтлан шалгахад оршдог. Энэ онд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй, өөрийн хөрөнгө орлогын эх үүсвэрээ нотолж чадаагүй 5 албан тушаалтны 117 сая төгрөгийн хөрөнгийг улсын орлого болгуулахаар шүүхэд хандаад байна. Энэ чиглэлийн хяналт шалгалт цаашид ч үргэлжилнэ.
Хөрөнгө, орлогын мэдүүлэгт хяналт шалгалтыг төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус гэсэн хоёр хэлбэрээр явуулдаг. Төлөвлөгөөт шалгалтыг эрсдэл бүхий албан тушаалтнуудад хийдэг бол төлөвлөгөөт бус шалгалтыг иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу явуулдаг.
2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй холбоотойгоор иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь хяналт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтад сүүлийн 5 жилийн хугацаанд мэдүүлсэн хөрөнгө, орлогыг нь хамруулан явуулсан. Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ хэрэгжүүлсэн гэж шалгалтын дүнгээр үзсэн.

