horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Н.Ням-Осор: Монгол хүн бусдаас ялгарч үлдэхэд Их засаг хууль ихээхэн ач тустай

post-img

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор өнөөдөр “Их засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Хөдөлмөрийн баатар, Ардын багш, түүхийн шинжлэх ухааны доктор, (Sc.D), профессор Н.Ням-Осор “Чингис хааны Их засаг хуулийн үзэл санаа өнөөгийн нийгмийн амьдралд хэрхэн үйлчилж байна вэ?” сэдэвт илтгэл тавилаа.

Тэрбээр “Чингис хааны Их засаг хуулийн түүхэн үүрэг нь зөвхөн Их Монгол Улсыг оршин тогтнож байсан XIII зуунд төдийгүй дараа дараагийн үеийн улс түмэн, ард олны зан суртахуун, авир араншинд ихээхэн нөлөө үзүүлсэн юм. Их засаг хууль бол ангийн ямарваа нэг эрх ашгийг урьдал болгоогүй, хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй байхыг тэртээ XIII зуунд номлож, нийгмийн бүхий л амьдралд хэрэгжиж байснаараа онцлог.

Их ззасаг хуулийн үзэл санаа удаан хугацаагаар оршин тогтнож, бидний үед хүрч ирэхэд энэхүү ардчилсан шударга үзэл санаа нь нөлөөлсөн болов уу. Их засаг хуулийн XXI зүйлд “Хүн бүрийн ажил эрх тэгш, баян ядуу, эрхэм доорд хэмээн ялгаж үл болно” гэж, Чингис хаан айлдвартаа “Аливаа хүний хэрэгцээ цөм эн сацуу тул аливаа хүнийг эд хөрөнгө, эрх хүчтэйн шалтгаанаар ялгаварлаж үл болно” хэмээсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1-д “Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна”, 14.2-т “Хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэсэнтэй утга дүйж байна. Энэ нь тэртээ XIII зуунд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн ард түмнийхээ тэгш эрхийг хамгаалсан хууль байсныг гэрчилж байна.

Монголын нийслэл Хархорумд христосын, буддын, мусульман шашны сүм зэрэгцэн оршиж байсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй” гэсэн заалтын утга санааг илэрхийлж, тэр үед хүн бүр шашин шүтэх эрхтэй, шүтэх шашнаа чөлөөтэй сонгодог байсны илрэл гэж үзэж болно.

Их засаг хуулийн 1 дүгээр зүйлийн “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын далай хааны зарлиг ил болон иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай” гэсэн заалтын үзэл санаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.1-т “Монгол Улсын иргэн бүр Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэгтэй” гэсэн заалттай утга дүйдэг бол Их Засаг хуулийн 25 дугаар зүйлийн “Шашны хэргэмтэн шавь нар, эмч сурагчаас бусад ард иргэд гааль гувчуур тушаах үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17.1.3-т “Монгол Улсын иргэн бүр хуулиар тогтоосон албан татвар төлөх үүрэгтэй” гэсэн утга санааг илэрхийлж байна.

Ер нь Их засаг хууль ёс суртахууны асуудлыг тусгасан нь үндэсний өвөрмөц төрхийг олох, ард түмний зан заншлыг дархлан хадгалж уламжлуулах, гэмт явдлаас урьдчилан сэргийлэхэд ихээхэн ач холбогдолтой хууль байсан. Даяаршлын эрин үед монгол хүн, монгол ёс заншил, монгол ёс суртахуун, хэл соёлоороо бусдаас ялгарч үлдэхэд Их засаг хууль ихээхэн ач тустай” гэж илтгэлдээ онцлон тэмдэглэв.

0/1000