Попын хаан Майкл Жексоны алдарт “Thriller” дууны клипэнд өмссөн улаан хүрэм 10 гаруй жилийн дараа дахин дуудлага худалдаанд орох гэж байна. Дуудлага худалдааг зохион байгуулагчид уг хүрмийг 10 сая ам.доллароос дээш үнээр зарагдана гэж тооцоолжээ.
Julien’s Auctions дуудлага худалдааны байгууллагын хамтран үүсгэн байгуулагч Мартин Ноланы мэдээлснээр, энэ бол Майкл Жексоны клипний бүжгийн хэсгүүдэд өмссөн жинхэнэ хүрэм юм. Харин клипний зомби дүрслэлд ашигласан нөгөө хүрэм нь дуучны өв залгамжлагчдын эзэмшилд байдаг аж.
Арванхоёрдугаар сарын 7-9-нд Абу Даби хотод болох дуудлага худалдаагаар Майкл Жексонтой холбоотой 400 орчим эд зүйлсийг худалдаална. Тэдгээрийн дунд 1982 онд Motown-ийн тоглолтын үеэр өмссөн алдарт цагаан бээлий нь багтаж байгаа бөгөөд уг бээлийг 2009 онд 430 мянган ам.доллароор худалдсан нь тухайн үедээ дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. Энэ удаа 600-800 мянган ам.доллароор үнэлсэн ч хэдэн саяд хүрэх боломжтой гэж зохион байгуулагчид үзэж байна.
Мөн Майкл Жексоны 1970-аад онд өөрийн гараар урласан анхны бээлий гэж үздэг эдлэл дуудлага худалдаанд тавигдана.
Үүнээс гадна Уэльсийн гүнж Дианагийн 1997 оны хувийн эд зүйлсийн худалдаагаар зарагдаж байсан хэд хэдэн даашинз болон мина устгах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах аяллын үеэр өмсөж байсан хувцас, гутлуудыг дахин худалдаална. Тухайлбал, түүний өмсөж байсан ягаан Ralph Lauren цамцыг 10-20 мянган ам.доллар, мокасин загварын гутлыг 20-40 мянган ам.доллароор үнэлжээ.
Дуудлага худалдаанд сагсан бөмбөгийн домог Коби Брайант, “Nirvana” хамтлагийн дуучин Курт Кобейн, жүжигчин Шэрон Стоун зэрэг алдартнуудтай холбоотой эд зүйлс ч багтсан байна.


