Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3-т заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм.
Т.Даваадалай 2 өмгөөлөгчтэй. Тэдний 1 нь энэ хэлэлцүүлэгт оролцох санал гаргаагүй аж. Нөгөө өмгөөлөгч нь урьдчилан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан юм байна. Н.Билгүүний өмгөөлөгч бас энэ хэргийг урьдчилан хэлэлцэх хүсэлт шүүхэд гаргажээ.
Шүүгч уг хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх үү, хойшлуулах уу гэдгээ шийдэхээр түр завсарлаад, үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. Т.Даваадалайгийн өмгөөлөгчийн тулай өвчин хүндэрч, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот руу 11-р сарын 12-нд Хөх хот руу эмчилгээнд явах аж. Тиймээс уг өмгөөлөгчийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцох боломжтой байсан гэж шүүгч үзлээ.
Н.Билгүүний 2 өмгөөлөгчийн 1 нь эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ руу 11-р сарын 11-нд буюу өнөөдөр эмчилгээнд явжээ. Тиймээс урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүгч хүлээж авсангүй.
Т.Мөнхдалай, А.Ербол нарын өмгөөлөгч, Н.Билгүүний 1 өмгөөлөгч иржээ. Ингээд өнөөдрийн хэлэлцүүлэгт Т.Даваадалай өмгөөлөгчгүйгээр оролцож байна. Т.Даваадалай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гялгар уут дүүрэн баримт материал гаргаж өгсөн юм. Уг баримттай бусад шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцахыг хүсэж, хэлэлцүүлгийг хойшлуулахыг хүсэв.
Шүүгдэгч Т.Даваадалай:
-Өнөөдөр гаргаж өгч байгаа баримтад ТЭЗҮ, УИХ, ЗГ-ын тогтоол, нийслэлийн засаг даргын тогтоол гэх мэт баримт байгаа. Эдгээрийн зарим нь энэ 37 хавтаст хэрэгт байхгүй. Би 17 жил инженерийн дэд бүтцийн салбарт ажилласан. Өөрөө хэргийн материалтайгаа танилцахад, энэ баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байсан тул би энэ материалуудыг өөрөө шүүхэд гаргаж өгч байна.
Би хуулийн мэдлэггүй. Энэ салбарын хүн биш тул өмгөөлөгчтэйгээ оролцох Үндсэн хуульд заасан эрхийг маань хангаж өгнө үү?
Т.Даваадалайгийн хүсэлтийг хүлээж авах эсэхээ шийдэхээр хэлэлцүүлэг түр завсарлалаа.

