Нийслэлийн засаг даргын орлогч асан Т.Даваадалай, түүний дүү Т.Мөнхдалай, А.Ербол, Н.Билгүүн нарт холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр (2026.11.11) нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 10:00 цагт эхэллээ. Тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2, 18.6-2.3-т заасан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татаад байгаа юм.
Т.Даваадалай шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гялгар уут дүүрэн баримт материал гаргаж өгсөн юм. Уг баримттай бусад шүүгдэгчийн өмгөөлөгч нар танилцахыг хүсэж, хэлэлцүүлгийг хойшлуулахыг хүсэв.
Шүүгдэгч Т.Даваадалай:
-Өнөөдөр гаргаж өгч байгаа баримтад ТЭЗҮ, УИХ, ЗГ-ын тогтоол, нийслэлийн засаг даргын тогтоол гэх мэт баримт байгаа. Эдгээрийн зарим нь энэ 37 хавтаст хэрэгт байхгүй. Би 17 жил инженерийн дэд бүтцийн салбарт ажилласан. Өөрөө хэргийн материалтайгаа танилцахад, энэ баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байсан тул би энэ материалуудыг өөрөө шүүхэд гаргаж өгч байна.
Би хуулийн мэдлэггүй. Энэ салбарын хүн биш тул өмгөөлөгчтэйгээ оролцох Үндсэн хуульд заасан эрхийг маань хангаж өгнө үү?
Т.Даваадалайгийн хүсэлтийг хүлээж авах эсэхээ шийдэхээр хэлэлцүүлэг түр завсарлаад, сая үргэлжиллээ. Урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл байхгүй гэж шүүгч үзжээ.

