Өмнөговь аймгийн төвийг нийслэлтэй холбосон автозамын Шартээгийн уулзвараас Цогтцэций сумын төв хүртэл 59.6 км хатуу хучилттай авто зам тавих төслийг барих-шилжүүлэх нөхцөлөөр тавихаар “Эйч Ай Би” ХХК, Засгийн газар 2017.03.30-нд концессын гэрээ байгуулсан юм. Үүнд нийт 35.992.290 ам.доллартай тэнцэх төгрөг зарцуулахаар гэрээнд заасан байна.
Уг замыг 2021.12.27-нд байнгын ашиглалтад оруулжээ. Гэрээний төлбөрт “Эйч Ай Би” ХХК-д ЗГ 2022 онд 22.969.600.000 төгрөг, 2023 онд 83.666.917.340 төгрөг шилжүүлж, 2023.05.16-нд тооцоо нийлэн, акт үйлджээ. Харин “Эйч Ай Би” ХХК төлбөрийг төсөвт тусгах үеийн валютын ханшаар тооцож шилжүүлснээс ханшийн зөрүүний алдагдал үүссэн хэмээн, 3.393.945,49 ам.доллар (12.174.557.638) төгрөг нэхэмжилсэн аж.
Үүнийг Эдийн засаг, хөгжлийн яам баталгаажуулж, ирэх жилийн улсын төсөвт тусгуулах саналаа эрх бүхий байгууллагад хүргүүлэх ёстой гэж тус компани үзэж буй аж. Тиймээс тус яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг төлбөрийг улсын төсөвт тусгуулах саналыг УИХ-д хүргүүлэхийг хариуцагч нарт даалгуулахаар шүүхэд хандсан байна.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2026.04.08-нд уг хэргийг хэлэлцээд “Хэрэгт цугларсан баримтуудыг судлан үзэхэд концессын гэрээний дагуу хариуцагч ханшийн зөрүү буюу концессын гэрээний үлдэгдэл олгохгүй байгаа, баталгаажуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Үүний улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хариуцагчаас 2022 онд батлагдсан 22.969.600.000 төгрөгийг гүйлгээ хийгдсэн өдрийн Монгол банкны албан ханшаар хөрвүүлэн нэхэмжлэгчид бодож олгосон. Улмаар нийт төлөх ам.доллароос хасаж, үлдэгдэл төлбөр болох 28.618.760 ам.долларыг төсөвт суулгасан байна. 2022 онд ханшийн зөрүүний алдагдал гарсан, төсөвт суулгах үеийн ханшаар тооцсон гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Мөн 2023 оны Концессын төлбөрт ханшийн зөрүүний алдагдал үүссэн эсэх дээр нэхэмжлэгчийн тооцоогоор анх 35.992.290 ам.доллароор гэрээлсэн. Одоо өгсөн төгрөгийг ам.долларт шилжүүлэхэд 31.590.970,51 төгрөг болж байгаа. Үүнээс аудитын тайлангаар хасагдах дүн 937.374 ам.долларыг хасаад үлдсэн төлбөр 3.393.945.49 төгрөг нь ханшийн зөрүүнээс үүссэн алдагдал гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Нийт төлөх гэрээний дүнгээс тодорхой зардлууд хасагдсан. Үүнийг нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн актаар болон нэмэлт гэрээнд зааснаар хүлээн зөвшөөрөөд, холбогдох хасалтууд хийгдсэн байна. Нэхэмжлэгчийн уг тооцоо үндэслэлгүй байна” хэмээн үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2026.07.23-нд энэ хэргийг хэлэлцээд “Анхан шатны шүүх “… нийт төлөх гэрээний дүнгээс тодорхой зардлууд хасагдсан. Үүнийг нэхэмжлэгчээс тооцоо нийлсэн актаар болон нэмэлт гэрээнд зааснаар хүлээн зөвшөөрөөд холбогдох хасалтууд хийгдсэн байна. Нэхэмжлэгчийн тооцоо үндэслэлгүй байна” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон” хэмээн үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
УДШ өнөөдөр уг хэргийг хэлэлцээд “Гэрээ дүгнэж тооцоо нийлсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байна” хэмээн үзэж, өмнөх 2 шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээлээ. Үүгээр тус компани ханшийн зөрүүний алдагдал нэхэмжлэх эрхгүй болж байна.

