horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Гамшигт орон гэрээ алдсан иргэдэд эрэмбэ дараалалгүйгээр газар олгодог болно

post-img

Засгийн газраас газар олголтыг цэгцлэх зорилгоор 2024 онд Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлж, эзэмшүүлэх ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтыг Засгийн газар тогтоодог болсон. Энэ нь хяналтын тогтолцоог биежүүлж, 100 орчим сум, суурин газар хотын хөгжлийн төлөвлөгөөтэй болсон, хууль зөрчсөн газар олголтыг хязгаарласан ач холбогдолтой боловч олон шат дамжлагаар иргэдийг чирэгдүүлж, газар олголтыг удаашруулж байна хэмээн УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат нарын 10 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачилжээ. Уг төслийг хэлэлцэх эсэхийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр (2026.11.11) хэлэлцсэн юм.

Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем нэвтэрсэнтэй уялдуулан орон нутагт нь эрх олгож, хяналтыг сайжруулах зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэсэн байв. Өдгөө хүчин төгөлдөр хуульд зааснаар бол газрын зориулалт, байршлыг өөрчлөх эрх зөвхөн нийслэлийн хэмжээнд үйлчилж, орон нутагт хамааралгүй байгаа нь өрөөсгөл гэж үзжээ. Тиймээс газар олголтыг цахимжуулж, мэдээллийг ил тод, нээлттэй болгох, Засгийн газраас улсын хэмжээнд тухайн жилд газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд орох томоохон өөрчлөлтийг төлөвлөдөг байх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Мөн орон нутгийн онцлогт нийцүүлэн газрын зориулалт, төлөвлөлт, олголтод орон нутгийн удирдлагуудад өгөх нь шуурхай шийдвэрлэхэд нэмэртэй гэж үзсэн гэв. Түүнчлэн нийслэлээс орон нутагт шилжин ирсэн, гамшиг ослын улмаас орон гэргүй болсон, эсхүл нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэр бүлийн хэрэгцээний газрыг ямар нэгэн эрэмбэ дараалалгүй авах , газраа авч чадаагүй иргэд нэн тэргүүнд харьяа орон нутагтаа газар авах боломж бүрдэнэ. Энэхүү хуулийн төслийг баталсан тохиолдолд улсын болон орон нутгийн төсөв, иргэдэд санхүүгийн нэмэлт ачаалал үүсгэхгүй, зардал шаардагдахгүй ажээ.

Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх эсэхээр санал хурааж, хуралдаанд оролцсон гишүүдийн 65 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.

0/1000