УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр С.Эрдэнэбат гишүүний эрчим хүчний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, найдвартай ажиллагааны талаар Эрчим хүчний сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ. Уг асуулгын хариуг хуульд заасан хугацаанд урьдчилан ирүүлжээ.
Эрчим хүчний сайд Б.Найдалаа:
-Дулааны 11 цахилгаан станцын тоног төхөөрөмж 42-65 жил болсон. Өвлийн их ачааллын үед бэлтгэл нөөцгүй ажиллаж байгаа нь найдвартай ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл үүсгэж байна. Иймд зуух, турбин болон шугам сүлжээг үе шаттай шинэчлэх шаардлагатай. 11 зуух ашиглалтын норматив хугацаанаас 1.5-2 дахин хэтэрсэн тул шинэчлэх төлөвлөгөө боловсруулан шийдвэрлүүлэхээр бэлтгээд байгаа.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны нийт зардлын 1 хувийг энэ онд зарцуулсан. Сүүлийн 6 жилд 21 байгууллагад 54 удаа үйлдвэрлэлийн осол гарч, 59 хүн өртсөн.
Эрчим хүчний салбарын хэмжээнд 12 мянга гаруй хүн ажилладаг. Дундаж цалингийн хэмжээг бодит нөхцөл байдал, ажилтны хөдөлмөрийн бүтээмж, ажлын ачааллыг харгалзан нэмж, 4,569.11 мянган төгрөгт хүргэсэн. Эрчим хүчний салбарт хүний нөөцийн асуудал үүсэж мэдэхээр нөхцөл байдал бий болоод байна. Ажлын хүнд, хортой нөхцөл болон хувийн хэвшлийн байгууллагууд чадварлаг боловсон хүчинд өндөр цалин, уян хатан нөхцөл амладаг. Гадаад явдаг.
Эрчим хүчний сайдын хариуг “Хэт ерөнхий хариу ирүүлсэн. Асуулгад хангалттай хариулсангүй” хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд дүгнэлээ.

