“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, С.Мөнхтөр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн юм.
Энэ хэргийг Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026.06.10-нд хэлэлцээд, Ц.Даваацэрэнд нийтийн албанд 7 жил ажиллах эрхийг нь хасаж, 6 жил 9 сар хорих ял оноосон. Ингэхдээ түүнийг “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомж зөрчиж, тус үйлдвэрийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2015.06.24-нд “Ачит-Ихт” ХХК-тай “Эрдэнэт-Үйлдвэр”-т илт ашиггүй гэрээ байгуулсны улмаас “Эрдэнэт-Үйлдвэр”-т 2017.11.30-наас 2024 оны 5 дугаар сар хүртэл нийт 138 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан хэмээн буруутгажээ.
Мөн “Ачит-Ихт” ХХК-иас 110 тэрбум төгрөг гаргуулж, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэсэн юм.

