Монгол Улсын иргэн С.Шаарийбуу Малайз улсын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Энэ талаар Куала Лумпур хотод Монгол Улсын Засгийн газрын тусгай элч Г.Занданшатар өнөөдөр Малайзын сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ.
Монгол Улсын Засгийн газрын тусгай элч Г.Занданшатар:
-Ш.Алтантуяаг хөнөөсөнтэй холбоотой асуудлаарх Монгол Улсын ЗГ-ын элчийн хувиар та бүхэнд хандаж байна. Одоогоос 20 жилийн өмнө 2006.10.19-нд Монгол Улсын иргэн Малайзын нутаг дэвсгэрт амиа алдсан. Тэр дөнгөж 28 настай, эцэг эхийн охин, 2 бяцхан хүүгийн ээж байлаа. Энэ хугацаанд Монгол Улсын ЗГ шударга ёсыг тогтоох талаар Малайзын ЗГ-тай хамтран ажиллаж ирлээ.
2022.12.16-нд Шахаламын дээд шүүхээс Малайзын ЗГ-ыг иргэний эрхзүйн хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж үзэж, ар гэрт нь 5 сая малайз денгитын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл 2026.01.20-нд давж заалдах шатны шүүх Малайзын ЗГ-т холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Ш.Алтантуяаг Малайзын цагдаа нар онц хэрцгийгээр хөнөөсөн. Малайзын ЗГ-ыг иргэний эрхзүйн хариуцлагаас чөлөөлсөнд Монгол Улсын ЗГ гүнээ харамсаж байна. Энэ шийдвэр түүний ар гэр, Монголын ард түмэнд гүн шаналал учруулсан.
Би энд 4 хүсэлт уламжлахаар ирээд байна.
1-рт, С.Шаарийбуугийн давж заалдах нэхэмжлэлийг улс төрийн болон хөндлөнгийн аливаа нөлөөнөөс ангид, шударга, ил тод, бодит баримтад тулгуурлан хянан шийдвэрлэх
2-рт, Азхар Умараас гэрчийн мэдүүлэг авах хууль ёсны арга замыг тодорхойлох, түүнийг Малайзад шилжүүлэн авчрах асуудлаар Австралийн талтай хийх яриа хэлэлцээг идэвжүүлэх, шүүхээс оноосон ялыг биечлэн эдлүүлэх, гэрчийн мэдүүлэг авах нөхцөл бүрдүүлэх
3-рт, шинээр илэрсэн эсвэл өмнө нь шалгаагүй нотлох баримтыг эрх бүхий байгууллагаар хуулийн дагуу цаг алдалгүй шалгуулж, ар гэрт нь өмгөөлөгчөөр нь дамжуулан мэдэгдэх,
4-рт, шүүх ажиллагааны явц болон сая дурдсан асуудал тус бүрээр Монгол Улсад албан ёсоор мэдээлэл ирүүлэх.
Монгол Улс цаазаар авах ялыг дэмжээгүй. Аль нэг улсын ЗГ-аас шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс оролцохыг хүсээгүй. Гадаад улсад байгаа иргэнийхээ эрх эшгийг хамгаалах нь Венийн конвенцоор хүлээн зөвшөөрсөн дипломат харилцааны чиг үүрэг юм. Бид үүнийг зохих шугамаар, олон улсын эрхзүйн хүрээнд хэрэгжүүлж байна. Энэ бол манай ЗГ-ын байр суурь.
Ээж нь шударга ёс тогтохыг хүлээсээр тэр өдрийг үзэж чадалгүй, хорвоог орхисон. Ээжийгээ алдах үедээ түүний 1 хүү дөнгөж 3 настай байсан. Тэр ээжийгээ гэртээ эргэж ирэхийг 15 нас хүртлээ хүлээсээр өөрөө ч хорвоог орхисон. Өнөөдөр үлдсэн ар гэрийнхэн нь “Уучлаарай” гэдэг үгийг сонсоогүй явна. Ш.Алтантуяа өөрийнхөө төлөө дуугарч чадахгүй. Тиймээс бид түүний өмнөөс дуугарах ёстой.

