horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

3 төрлийн химийн бодис зөвшөөрөлгүй ашигласан компанийн 2 жил үйл ажиллагаа явуулах эрхийг хасав

post-img

“П” ХХК нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах байрандаа калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитрат зэрэг 3 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг 2018 оны 10 дугаар сараас 2024.02.20 хүртэл мах, сүүн дэх химийн бодисын хэмжээг тооцоолон гаргах, сүү, айраг болон бусад шингэн хүнсэнд ус хольсон эсэхийг тодорхойлох зорилгоор ашигласан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисыг ашиглахдаа Химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авах ёстой байдаг аж. Дээрх 3 бодис Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015.10.08-ны А/356/396 дугаар хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-ын 520 дугаарт багтдаг юм байна.

Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026.01.30-нд уг хэргийг хэлэлцээд, С.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, шүүгдэгч “П” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашигласан, хадгалсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцжээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-г 5.400.000 төгрөгөөр торгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “П” ХХК-ийн инновац, технологи дамжуулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг хасаж, 20.000.000 төгрөгөөр торгожээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2026.05.06-нд уг хэргийг хэлэлцээд, “Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан” хэмээн “Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээсэн байна.

УДШ өнөөдөр уг хэргийг хэлэлцэж, “Калийн хромат, натрийн гидроксид, мөнгөний нитрат зэрэг химийн хорт аюултай бодисыг аливаа үйл ажиллагаанд хэрэглэхийн тулд тусгай зөвшөөрөл шаардлагатай байхаар хуульд заажээ. Гэвч эдгээр химийн хорт аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэм буруу тогтоогдсон байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруугийн асуудлаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна” гэж үзэв.

Ингээд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангид үйл ажиллагаа явуулах болон эрх хасах ойлголтыг тус тусад нь тодорхойлж өгсөн. Тусгай зөвшөөрөл эзэмшиж үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 зүйлийн 3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг баримтална. Өөрөөр хэлбэл нэгтгэж, нэг албадлагын арга хэмжээ болгон нэмэгдэл ял оноохоор тусгажээ. Энэ нэмэгдэл ял 1-8 жилийн хугацаатай байна” гэсэн үндэслэлээр “П” ХХК-ийн химийн хорт бодис ашиглан үйлдвэрлэл, худалдаа эрхлэх, туршилт шинжилгээ хийх, үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасав. Тус компани 2 жилийн дараа хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлөө шинээр авч болох агаад түүнд нь энэ тогтоол саад болохгүй юм байна.

0/1000