Орон сууцны захиалга, залилан, хохирол барагдуулах болон тэтгэвэр, тэтгэмжийн зөрүү, итгэлцүүрийг жигдлэх, төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, хуулийн зохицуулалт, санхүүгийн дэмжлэг, хэрэг зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдлын 24.7 хувийг шийдвэрлэсэн, 65.8 хувь нь шийдвэрлэх шатанд байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр өнөөдөр УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд танилцууллаа. Засгийн газар, яам, агентлагт шийдвэрлүүлэхээр илгээсэн иргэд, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн тухай мэдээллийг тус хороо сонссон юм.
Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын дийлэнх хувийг орон сууцтай холбоотой асуудал эзэлж байгаа тул Ерөнхий сайд 2026 оны 154 дүгээр захирамжаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Орон сууц захиалаад хохирсон иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг шалгаж шийдвэрлэх үүрэг бүхий тус ажлын хэсэг одоогоор 870 гаруй өргөдөл, гомдол хүлээн авч, шалгаж байна.
“Орон сууцны залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 2026 оны 406 дугаар тогтоол баталж, иргэдийг хохирохоос урьдчилан сэргийлж байгаа аж. Тухайлбал, барьж дуусаагүй нийтийн зориулалттай орон сууцанд давхар захиалга авахгүй байх, барилгын мэдээлэл, захиалгын гэрээг ил тод, нээлттэй байршуулж, цахимжуулах зэргийг шийдсэн байна. Барьж гүйцээгүй барилгын өмчлөлийн эрх зүйг боловсронгуй болгох шаардлагатай байгаа аж.
Тэтгэврийн зөрүүг арилгах асуудлаарх Өргөдлийн байнгын хорооноос шилжүүлсэн өргөдөл, гомдлын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам тэтгэвэр бодох сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ 1.404.000 төгрөг байсныг 2.400.000 төгрөг болгон тооцож, 328.5 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсөвт тусгуулжээ. Засгийн газар “Суурь тэтгэврийн хэмжээг тооцоход баримтлах үзүүлэлтүүдийг тогтоох тухай” 2026 оны 416 дугаар тогтоол баталж, суурь тэтгэврийг нэмсэн юм.

