horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Бэрхийн уурхайчдад ЗГ нөхөн төлбөр олголгүй 4 жил болж байна

post-img

Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дахь Бэрхийн уурхайчдад нөхөн төлбөр олгохтой холбоотой асуудлыг Засгийн газарт 2026.10.07-нд танилцуулжээ. Тус уурхайд ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан, нас барсан 112 хүн байгаа аж. Тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй нөхөн төлбөртэй холбоотой асуудлаар харилцан тохиролцох, ижил нөхцөл байдал бүхий бусад уурхайн асуудлыг нэгтгэн судлах, шаардагдах санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэрийн талаарх саналаа шуурхай боловсруулахыг ЗГ-аас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасан аж. ГБХНХ-ын сайд уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэх юм байна.

Бэрхийн уурхайд ажиллаж байхдаа үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан иргэдэд нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан шүүхийн шийдвэр биелэхгүй 4 жил болжээ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг уурхайчид УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос хүссэн байна. Уг өргөдлийг судалж, холбогдох санал танилцуулахаар УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Д.Ганмаа нарт хуваарилсан аж. Тэр тухай 2025.12.18-нд УИХ-ын Өргөдлийн байнгын хороо хэлэлцэж байв.

Бэрхийн уурхайчдыг төлөөлөн “Асар их хүч” төвийн тэргүүн, иргэн Д.Алтангэрэл Засгийн газраас уурхайчдад олгох 2 удаагийн нөхөн төлбөрт 4,790,480,334 төгрөг гаргах асуудлаар өргөдөл, гомдол гаргасан байдаг. Түүний дагуу Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны 85 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулсан байна. Мөн 2013 онд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Төрийн өмчийн хорооноос ажлын хэсэг байгуулсан. 2013 онд байгуулсан ажлын хэсэг нийт 196 хүнд 4.5 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгуулах асуудлыг Засгийн газарт тавьж, шийдвэрлүүлэх дүгнэлт гаргажээ. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2015.09.18-ны 5/2858 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг дэмжсэн ч тухайн үеийн Засгийн газар шийдээгүй байна. Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2022.05.26-нд №0404 тоот шийдвэрээр Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэр бүхий 112 иргэний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Бэрхийн уурхайд ажиллаж байсан нэхэмжлэгч нэр бүхий иргэдээс нөхөн төлбөр олгуулахаар гаргасан хүсэлтийг эцэслэн шийдвэрлээгүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нөхөн төлбөр олгох эсэх асуудлыг зохих журмын дагуу шуурхай шийдвэрлэхийг Засгийн газарт даалгасан байна. Шүүхийн 2022.08.25-ны 0570 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн боловч шүүхийн шийдвэрийг ЗГ одоо болтол биелүүлээгүй байна. 

Бэрхийн уурхайн үйл ажиллагаа 1954 онд эхэлж, 1999 онд Засгийн газрын 74 дүгээр тогтоолоор “Монголсовцветмет” /Монголросцветмет/ нэгдлийн бүрэлдэхүүнээс гарч, “Бэрх-Уул” ТӨҮГ, Засгийн газрын 2001 оны 442 дугаар тогтоолоор “Бэрх-Уул” ХК болсон. Уурхайг 2005 онд хувьчилж, хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. 

Бэрхийн уурхайчид “Юдентакс Тин-Аудит” ХХК-иар хийлгэсэн шинжээчийн дүгнэлт, “Итгэлцүүр шинэчлэн тогтоох тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2023 оны 238 дугаар тогтоолыг үндэслэн, нийт төлөөллийн эрхтэй 88 иргэнд хоёр удаа олгох 7,032,820,405 (долоон тэрбум гучин хоёр сая найман зуун хорин мянга дөрвөн зуун таван) төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоо гаргуулсан байна. 

0/1000