horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

“Эрдэнэт-Үйлдвэр”-ийн захирал асан Ц.Даваацэрэнд өмнөх шүүхээс оноосон хорих ялыг өөрчиллөө

post-img

“Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, түүний хүргэн С.Мөнхтөр нарт холбогдох хэргийг Орхон аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр хянан хэлэлцээд, Ц.Даваацэрэнгийн “Ачит-Ихт” компанид давуу байдал олгосон, Хонконг, АНУ-аар дамжуулж мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй хэмээн хэрэгсэхгүй болгов.
Харин албан тушаалаа урвуулж, удирдах дээд байгууллагын шийдвэргүйгээр эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлэн “Эрдэнэт медикал” эмнэлгийг “Медипас” ХХК-д шилжүүлсэн гэм буруутайд тооцов. Түүний эрүүл мэндийн болон хувийн байдлыг харгалзан, нийтийн албанд 5 жил ажиллах эрхийг нь жил хасаж, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс 3 жил гарах эрхгүй болголоо. Хорих ялыг нь ийн өөрчилсөн тул түүнийг ШШГЕГ-ын Цагдан хорих төвөөс суллав.

Өмнө нь Орхон аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026.06.10-нд уг хэргийг хэлэлцээд, Ц.Даваацэрэнд нийтийн албанд 7 жил ажиллах эрхийг нь хасаж, 6 жил 9 сар хорих ял оноосон. Мөн “Ачит-Ихт” ХХК-иас 110 тэрбум төгрөг гаргуулж, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэсэн юм. 

Ингэхдээ түүнийг “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, холбогдох хууль тогтоомж зөрчиж, тус үйлдвэрийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр 2015.06.24-нд “Ачит-Ихт” ХХК-тай “Эрдэнэт-Үйлдвэр”-т илт ашиггүй гэрээ байгуулсны улмаас “Эрдэнэт-Үйлдвэр”-т 2017.11.30-наас 2024 оны 5 дугаар сар хүртэл нийт 138 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг алдагдуулж, улсын ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан хэмээн буруутгажээ.

Түүнээс 896.5 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор болсон. Үүнийг гаргуулахын тулд Ц.Даваацэрэнгийн Худалдаа, хөгжлийн банканд хадгалж буй 1 сая гаруй ам.доллар, “Ачит-Ихт”, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Сангийн сайд асан П.Цагаан, хүү П.Мөнхтүвшин нарын эцсийн өмчлөлд бүртгэлтэй “Степпкупер” ХХК-ийн эзэмшлийн суудлын болон хүнд даацын автомашин, механизмууд, Орхон аймгийн Баян-Өндөр сум, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах үйлчилгээний талбай, орон сууцууд, автозогсоолуудыг битүүмжилсэн. Нийслэлийн Прокурорын газар Ц.Даваацэрэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.6-2.3-ын “Албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашиглаж мөнгө угаасан”, 22.1-2-ын “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан”, 22.10-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэх заалтыг үндэслэн яллах дүгнэлт үйлдсэн юм.

0/1000