Ираны зэвсэгт хүчний мэдээлснээр, Персийн буланг Оманы булантай холбодог Ормузын хоолойд газрын тос тээвэрлэгч 4 хөлөг дэлбэрэлтэд өртөж, хөлөг дээр гал гарсан байна. Эдгээр хөлөг онгоц Ираны тогтоосон усан замын хязгаарлалтыг зөрчиж, анхааруулгыг үл тоон зорчсон гэж тус улсын цэргийнхэн мэдэгджээ.
Ираны Хувьсгалт гвардын Тэнгисийн цэргийн хүчний мэдээлснээр, 11 дүгээр сарын 11-ний шөнө өмнөд чиглэлийн зөвшөөрөлгүй усан замаар явсан том оврын, нефть тээвэрлэгч 2 хөлөг дэлбэрэлтэд өртөж, хөдөлгөөнгүй болсон байна. Тэдгээр хөлөг нийлээд 4 сая гаруй баррель газрын тос тээвэрлэж явжээ. Ираны төрийн хэвлэлүүд уг хөлөг онгоцууд далайн минад өртсөн гэж мэдээлсэн байна.
Харин 11 дүгээр сарын 12-ны үдээс хойш Ормузын хоолойн зүүн хэсгээр зорчиж байсан өөр 2 хөлөг мөн далайн минад өртөж, гал гарсан гэж Ираны арми мэдээлжээ. Тэдгээр хөлөг радарын системээ унтрааж, хязгаарлалттай бүсэд нэвтэрсэн байсан гэнэ.
Үүнээс гадна Их Британийн Далайн худалдааны ажиллагааны байгууллага (UKMTO) 11 дүгээр сарын 11-нд Арабын Нэгдсэн Эмират Улсын Рас-эль-Хайма хотоос баруун хойд зүгт 14 далайн милийн зайд 1 хөлөг үл мэдэгдэх пуужинт зэвсэгт өртсөн талаар мэдээлжээ. Үүний улмаас хөлгийн хөдөлгүүрийн өрөөнд гал гарсан ч багийн бүх гишүүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн байна.
“Ройтерс” агентлаг Ираны мэдээллийг бие даан баталгаажуулж чадаагүй бөгөөд хөлгүүдийн нэр, харьяалах улс одоогоор тодорхойгүй байна. Вашингтоны Ойрх Дорнодын бодлогын хүрээлэнгийн мэдээллээр, 11 дүгээр сарын эхний 10 хоногт дор хаяж 10 хөлөг халдлагад өртжээ. Харин 10 дугаар сард 37 хөлөг халдлагад өртсөн нь мөргөлдөөн эхэлснээс хойших сарын хамгийн өндөр үзүүлэлт болов.
Дэлхийн газрын тосны тээвэрлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрдөг Ормузын хоолойн аюулгүй байдал ийнхүү дахин хурцадлаа. АНУ, Ираны хооронд мөргөлдөөнийг намжаах найдвар нэмэгдэж, газрын тосны үнэ буурч байгаа ч худалдааны хөлөг онгоцуудад чиглэсэн халдлага үргэлжилсээр байна.


