Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Эрдэмтэд 60 гаруй жил хайсан химийн нэгдлээ санамсаргүй нээжээ

Эрдэмтэд 60 гаруй жил хайсан химийн нэгдлээ санамсаргүй нээжээ

Химичдийн 60 гаруй жилийн турш гарган авч, тогтвортой хадгалахыг зорьсон химийн ховор нэгдлийг Германы Вюрцбургийн их сургуулийн эрдэмтэд амжилттай нийлэгжүүлж, тусгаарлан авчээ. Сонирхолтой нь, 2 докторант лабораторид ердийн туршилт хийж байгаад, энэ нээлтийг санамсаргүй хийсэн байна.

Лукас Любчик, Кристиан Маркл нар боор агуулсан диборакумулен хэмээх нэгдлийг кетон төрлийн органик бодистой урвалд оруулан, судалж байжээ. Гэтэл ер бусын улбар шар, шар өнгийн хатуу бодис үүссэн байна. Тэдгээр бодисыг нарийвчлан шинжлэхэд, химичдийн олон жил хайсан оксоборан хэмээх нэгдэл байсан аж.

Оксоборан бол боор болон хүчилтөрөгчийн атомуудын хооронд гурвалсан холбоо үүсгэсэн онцгой бүтэцтэй молекул юм. Химийн хувьд ийм холбоо маш идэвхтэй, тогтворгүй байдаг тул эрдэмтэд өмнө нь үүнийг зөвхөн хэт бага температур, тусгай орчинд түр хугацаанд гарган авч, ажиглах боломжтой байжээ. Харин шинэ судалгаагаар эрдэмтэд өрөөний температурт тогтвортой орших 3 төрлийн оксоборан гарган авч, талст хэлбэрээр тусгаарлаж чадсан байна.

Вюрцбургийн их сургуулийн профессор Хольгер Брауншвейгийн баг үүнийг баталгаажуулахаар Энэтхэгийн Тезпурын их сургуулийн профессор Ашвини Фукан тэргүүтэй судлаачидтай хамтран ажиллажээ. Судалгааны баг шинэ нэгдлүүдийн бүтэц, электрон шинж чанарыг туршилт болон компьютерын тооцоогоор баталгаажуулсан байна. Судалгааны ахлагч Хольгер Брауншвейг “Өмнө нь оксобораныг тогтвортой хэлбэрээр гарган авах боломжгүй гэж салбарын олон эрдэмтэн үзэж байсан. Шинэ үр дүнг хараад ихэд гайхсан” гэж ярьжээ.

Энэ нээлт 60 гаруй жил шийдэгдээгүй химийн асуудлыг тайлаад зогсохгүй, өмнө нь гарган авах боломжгүй гэж үздэг байсан бусад ховор молекулыг нийлэгжүүлэх шинэ боломж нээж байна. Судалгааны баг одоо уг аргыг ашиглан, өөр төрлийн тогтворгүй нэгдлүүдийг гарган авах боломжийг судалж байгаа аж. Судалгааны үр дүнг 2026.10.27-нд олон улсын шинжлэх ухааны “Nature Chemistry” сэтгүүлд нийтэлжээ.

0/1000