Өнөөдрөөс яг 66 жилийн өмнө 3 эрдэмтэн Дэлхийн хүн ам хязгааргүй өсөж, 2026.11.13 гэхэд цэнхэр гараг дээр хүн амьдрах орон зай хүрэлцэхгүй болж, хүн төрөлхтөн мөхнө” гэж тооцоолжээ. Гэвч тэдний таамаглал биелсэнгүй. Харин энэ тооцоо хүн амын өсөлт, байгалийн нөөцийн хязгаарын талаарх шинжлэх ухааны хамгийн сонирхолтой судалгаануудын нэг болон үлдэв.
1960.11.04-нд австри гаралтай Америкийн эрдэмтэн Хайнц фон Фёрстер, түүний хамтран ажиллагч Патрисиа Мора, Лоуренс Амиот нар шинжлэх ухааны нэр хүндтэй “Science” сэтгүүлд “Doomsday: Friday, 13 November, A.D. 2026” буюу “Мөхлийн өдөр: 2026.11.13, Баасан гараг” гэсэн гарчигтай судалгаагаа нийтэлжээ. Тэд Дэлхийн хүн амын талаарх сүүлийн 2000 жилийн түүхэн тоо баримтыг судалж, хүн амын өсөлтийн математик загвар боловсруулсан байна.
Уг загвараар хүн амын өсөлт өмнөх хурдаараа үргэлжилбэл 2026.11.13-нд хүн ам математик утгаараа хязгааргүйд хүрэх байв. Эрдэмтэд үүнийг хүн төрөлхтөн хэт олширч, бие биенээ шахаж үхэх хэмжээнд хүрнэ хэмээн ёгтлон тайлбарлажээ.

Гэвч бодит байдал тэдний тооцооноос өөрөөр өрнөсөн юм. 1960 онд Дэлхийн хүн ам ойролцоогоор 3 тэрбум байсан бол өнөөдөр 8 тэрбумыг давжээ. Гэсэн ч хүн амын өсөлтийн хурд 1963 онд хамгийн өндөр буюу жилийн 2.3%-д хүрсний дараа аажмаар буурч эхэлсэн байна. Дэлхийн олон оронд эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх нь цөөрч, зарим улс хүн амын өсөлт бус, харин хүн амын хөгшрөлт, төрөлт цөөрсөнтэй холбоотой асуудалтай нүүр тулах болов.
Австралийн “ABC News” агентлагийн мэдээлснээр, 1960 оны эрдэмтдийн тооцоо 1980-аад он хүртэл бодит хүн амын өсөлттэй харьцангуй ойролцоо байсан ч 1990-ээд оноос зөрүү нь нэмэгдсэн байна. Учир нь хүн амын өсөлт зөвхөн математикийн тогтмол хуулиар бус, нийгмийн хөгжил, боловсрол, эдийн засаг, гэр бүлийн төлөвлөлт зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг аж.
НҮБ-ын одоогийн таамаглалаар Дэлхийн хүн ам 2080-аад оны дунд үед 10.3 тэрбум орчим болж, оргилдоо хүрээд, цаашид аажмаар цөөрөх төлөвтэй. Ийнхүү 66 жилийн өмнө хүн төрөлхтний мөхлийн өдөр хэмээн тооцсон 2026.11.13 ямар ч сүйрэлгүйгээр тохиож байна. Харин энэ өдөр шинжлэх ухааны тооцоогоор өнгөрсөн үеийн чиг хандлагыг ирээдүйд шууд шилжүүлэн хэрэглэхэд ямар алдаа гарч болохыг сануулсан сонирхолтой түүх болон үлдэж байна.


