Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Украины энхийн хэлэлцээнд Европын төлөөлөгчдийг оролцуулахыг В.Путин зөвшөөрчээ

Украины энхийн хэлэлцээнд Европын төлөөлөгчдийг оролцуулахыг В.Путин зөвшөөрчээ

Украины дайныг зогсоох дараагийн шатны энхийн хэлэлцээнд Европын төлөөлөгчдийг оролцуулахыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зөвшөөрсөн талаар АНУ-ын тусгай элч Стив Виткофф мэдэгдлээ. Энэ нь Украины асуудлаарх хэлэлцээг АНУ, ОХУ, Украины гурван талын хүрээнээс өргөжүүлж, Европын орнуудыг шууд оролцуулах боломж нээж буй алхам болов.

Владимир Путин 11 дүгээр сарын 12-нд Москвад АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стив Виткофф болон Доналд Трампын хүргэн Жаред Кушнер нартай уулзсан байна. Виткофф уг уулзалтын дараа Оросын төрийн телевизэд ярилцлага өгөхдөө “Европчууд дараагийн уулзалтад оролцоно. Энэ бол бидний хувьд маш чухал үйл явдал. Учир нь тэд бидний түншүүд. Хэлэлцээнд оролцох нь чухал” гэжээ.

Путин Европын орнуудтай яриа хэлэлцээ хийхийг Москва хэзээ ч эсэргүүцэж байгаагүй ч Украины асуудлаарх Европын байр суурийг шүүмжилсэн байна. Тэрээр “АНУ-ын тал Европын холбоотнуудтайгаа хамтран ажиллаж, тэд үнэхээр энх тайвныг хүсэж байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй” гэж мэдэгджээ. Мөн Украины нутаг дэвсгэрт энхийн гэрээ байгуулсны дараа барууны орнууд цэргээ байршуулбал Орос үүнийг аюулгүй байдалд нь заналхийлсэн үйлдэл гэж үзэж, дайн дахин эхлэх эрсдэлтэйг анхааруулсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский харин АНУ-ын тусгай элч нартай Ирландын Дублин хотод уулзах үеэрээ Европын төлөөлөгчид дараагийн шатны хэлэлцээнд оролцох боломжийг сайшаажээ. Тэрээр хэлэлцэх асуудлын жагсаалтад мөргөлдөөнийг намжаах, гал зогсоох тодорхой алхмуудыг багтаах найдлага тавьж байгаагаа илэрхийлсэн байна.

Гэхдээ Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков Европын орнууд дараагийн уулзалтад оролцох эсэхийг баталгаажуулаагүй аж. “Тэдний одоогийн байр суурь “эцэс төгсгөлгүй дайны жор” болж байна” хэмээн тэр шүүмжилжээ. Орос улс “Украины дайныг зогсоохын тулд Европын орнууд Киевт үзүүлж буй цэргийн тусламжаа зогсоох ёстой” гэсэн байр суурь илэрхийлсээр байна.

Энэ долоо хоногт АНУ-ын зуучлалаар Абу-Даби хотод ОХУ, Украины төлөөлөгчид хоёр өдрийн турш хэлэлцээ хийсэн юм. Энэ нь талуудын 9 сарын хугацаанд хийсэн анхны шууд хэлэлцээ байв. Дайнд олзлогдогсдыг солилцох асуудлаар тохиролцоонд хүрсэн ч газар нутгийн маргаан зэрэг гол асуудлаар санал зөрөлдөөн хэвээр үлджээ. ОХУ Украины нутаг дэвсгэрийн тавны нэг орчим хувийг хяналтдаа байлгаж байгаа бол Киев Донбассын үлдсэн хэсгийг Орост өгөхөөс татгалзаж байна.

Ийнхүү Европын орнуудыг энхийн хэлэлцээнд оролцуулах боломж нээгдэж байгаа ч дайныг зогсоох нөхцөл, Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, дайны дараах аюулгүй байдлын баталгааны асуудлаар Москва, Киев, Европын орнуудын байр суурь зөрүүтэй хэвээр байна.

0/1000