Нийслэлийн ИТХ өнөөдөр хуралдаж, нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Байгалийн шингэрүүлсэн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төслийг санхүүжүүлэх зорилгоор 75 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд гаргах асуудлыг хэлэлцэж байна. Энэ төслийг нягтлан, үр дүн ач холбогдлын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяагаар ахлуулан байгуулжээ.
Энэ төслийг “Тархмал эрчим хүчний дэд бүтэц“ ХХК хэрэгжүүлж буй аж. 3 багц ажлаас бүрдэх тус төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. “Чайна-Энержи” компанийн “Чайна гааз” компани энэ станцыг барих түншлэгчээр шалгарчээ. Тус компани Хятадын хийн сүлжээний 58 хувийг эзэмшдэг. Гадаадын 28 улсад төсөл хэрэгжүүлдэг. Монгол Улс 29 дэх улс нь. Тус компани манай улсад 3 төсөл хэрэгжүүлж байгаа аж.
Төслийн хүрээнд Улаанбаатар хотын Дэнжийнмянгад байгалийн хий боловсруулах станц байгуулна. 2026-2029 оны хооронд хэрэгжүүлэх энэ төслийн эхний үе шатанд 58 МВт хүчин чадалтай хийн дулааны станц, байгалийн шингэрүүлсэн 2000 шоо метр хий хүлээн авах, буулгах, хадгалах, дахин хийн төлөвт хувиргах станц, хий дамжуулах 12 км шугам барина. Үүнд 61 сая орчим ам.доллар зарцуулах тооцоо гаргажээ.
II үе шатанд станцын хүчин чадлыг 93 МВт-аас доошгүй өргөтгөж, Цагаандаваанд байрлах хийн станцтай хоолойгоор холбох аж. 2027 онд хийн станцыг ашиглалтад оруулна.
Нийслэлийн засаг даргын эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг “Шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) технологийг Монголын MNS стандартын дагуу онцгой байдлын аюулгүйн дүгнэлт гаргуулж, нийгмийн үр өгөөжийн судалгаа, ТЭЗҮ-г бүрэн хийсэн. Монгол Улсад анх удаа хэрэгжүүлж байгаа учраас эрсдэл үүсэж болзошгүй. Нийслэлийн Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт энэ төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Нүүрсний татаасанд 70 тэрбум төгрөг өгдөг бол хийд шилжсэнээр 40 тэрбум төгрөг хэмнэнэ” гэж танилцуулав. Эрсдэлийн хувьд дунд гэж дүгнэжээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нүүрсний хийн хайгууж хийж, туршилт нь амжилттай болсон “Тэлмэн ресурс” компаниас тус станц нүүрсний хий авах юм байна. Хүрэн нүүрснээс хий гаргаж авах үйлдвэрээс хий худалдан авч, энэ станцад ашиглах юм байна.

