Хэрээ хүний төсөөлснөөс ч илүү ухаантай болохыг Германы эрдэмтдийн шинэ судалгаа харууллаа. Тэдний туршилтаар хар хэрээ харсан мэдээллээ боловсруулж, зөв шийдвэр гаргахад ердөө 235 миллисекунд зарцуулжээ. Энэ нь хүн, сармагчин хоёроос 2 дахин хурдан байсан аж.
Германы Тюбингений их сургуулийн мэдрэлийн биологич Филипп Шмидбауэр, профессор Андреас Нидер нар 2 хар хэрээн дээр ийм туршилт хийсэн байна. Эрдэмтэд мэдрэгчтэй дэлгэцээр хэрээнд хар дэвсгэрийн өмнө хөдөлж буй олон цагаан цэг харуулжээ. Цэгийг баруун эсвэл зүүн тийш хөдөлгөхөд, хэрээ хашаа хөдөлж байгааг нь дэлгэцийн тухайн талд хошуугаараа товшиж илэрхийлсэн байна. Цэг зүүн тийш хөдөлсөн бол дэлгэцийн зүүн талд товшсон гэсэн үг. Зөв хариулах бүрт хэрээг өтөөр шагнажээ.
Хэрээнүүд хөдөлгөөний чиглэлийг дунджаар 0.235 секундэд тодорхойлсон байна. Хөдөлгөөний чиглэл маш тодорхой үед зөв хариултын хувь бараг 100 хувьд хүрчээ. Харин хөдөлж буй цэгүүдийн ердөө 3 хувь нь нэг чиглэлд хөдөлж, бусад нь санамсаргүй чиглэлд шилжиж байсан аж. Ийм төвөгтэй нөхцөлд ч хэрээнүүд таамгаар хариулахаас илүү сайн үр дүн үзүүлсэн байна.

Эрдэмтэд зөвхөн шувуудын үйлдлийг ажиглаад зогсохгүй тархины мэдрэлийн эсүүдийн идэвхжлийг хэмжжээ. Ингэхэд дэлгэц дээр дүрс гарснаас хойш ердөө 70 миллисекундын дараа хэрээний тархины тодорхой хэсгийн мэдрэлийн эсүүд хөдөлгөөний чиглэлийг ялгаж эхэлсэн байна. Судлаачид мэдрэлийн нийт 248 эсийн идэвхжлийг бүртгэж, шувууд шийдвэр гаргах явцдаа харааны мэдээллийг хэрхэн боловсруулдгийг тогтоожээ.
Сонирхолтой нь, шувуудын тархи хүн, сармагчныхаас бүтцийн хувьд эрс ялгаатай. Хөхтөн амьтдын тархины гадарга давхаргат бүтэцтэй байдаг бол шувуудын тархи өөр зохион байгуулалттай. Гэсэн ч шийдвэр гаргах үед мэдрэлийн эсүүдийн ажиллах зарчим нь хүн болон бусад приматынхтай төстэй байгааг судлаачид тогтоосон байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар мэдээллийг ийм хурдан боловсруулах чадвар нь хэрээ нисэх үедээ саад тотгороос зайлсхийх, хөдөлж буй олзыг барих, хоол хүнсээ олох зэрэг амьдралын хэрэгцээтэй нь холбоотойгоор хувьслын явцад хөгжсөн байж болзошгүй аж.
Гэхдээ судалгаанд ердөө 2 хэрээ оролцсон. Хүн, сармагчинтай яг ижил нөхцөлд шууд харьцуулсан туршилт хийгээгүй аж. Тиймээс энэ хурд бүх төрлийн хэрээнд адилхан эсэх, бусад шувууны тархинд ийм чадвар байдаг эсэхийг цаашид судлах шаардлагатай байна. Энэ судалгааны үр дүнг 2026.10.22-нд олон улсын шинжлэх ухааны “Science” сэтгүүлд “Ultrarapid decision-making in an avian brain” нэрээр нийтэлжээ.


