Монгол Улсын 2027 оны төсвийг УИХ өнөөдөр баталлаа. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн сайд дараах мэдээллийг сэтгүүлчдэд өгөв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:
-Эрүүл мэндийн салбарт реформын шинжтэй хэд хэдэн ажил хэрэгжиж байна. Ялангуяа эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, цаашлаад чанарыг сайжруулах чиглэлээр тодорхой ажил хийж байгаа.
Өнгөрсөн онд 850 орчим мянган иргэн эм хөнгөлөлттэй авсан. Тэдгээрийн 240 мянга нь архаг өвчтэй. Тухайлбал: Зүрх судасны болон чихрийн шижинтэй иргэд байна. Зүрх судасны өвчний эмийг ангилбал 3 төрлийн эм бий. 1-рт, цус шингэлэх эм, 2-рт, даралт бууруулах эм, 3-рт, зүрхний хэм алдагдах үед хэрэглэдэг эм.
Эдгээр 240 мянган иргэний дийлэнх буюу бараг 80 хувь нь ахмадууд. Ахмадуудын судалгаанаас харахад тэтгэврийнхээ 40-70 хувийг шууд эмэнд зарцуулж байгаа юм. Эдгээр ахмадын 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар эмийн хэрэглээгээ тасалдуулсан байна. Учир нь эмээ худалдан авах мөнгө нь хүрэлцдэггүй гэж ойлгож болно.
Тиймээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдийг 220 төрлийн эмийн хамтын төлбөрөөс чөлөөлж байгаа. Үүний үр дүнд, 1-рт, иргэдийн бодит орлого нэмэгдэнэ. 2-рт, эмээ тогтмол хэрэглэж чадахгүй байснаас өвчин нь хүндрэх, улмаар эмнэлэгт хэвтэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болно. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьд хамгийн чухал зүйл бол хүн өвдсөнийх нь дараа эмчлэхээс илүү өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх явдал.

