Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

200 жил 1 зүйл гэж үзсэн эрвээхэй 3 өөр зүйл болохыг тогтоожээ

200 жил 1 зүйл гэж үзсэн эрвээхэй 3 өөр зүйл болохыг тогтоожээ

Төв болон Өмнөд Америкийн халуун орны ойд түгээмэл тааралддаг нэгэн төрлийн эрвээхэйг эрдэмтэд 200 гаруй жилийн турш ганц зүйл гэж үзэж иржээ. Шинэ судалгаагаар энэ бүлэгт гаднах төрхөөрөө бараг ялгагдахгүй 3 өөр зүйл багтдагийг тогтоосон байна. Тэдний 1 нь шинжлэх ухаанд өмнө нь бүртгэгдээгүй шинэ зүйл ажээ.

Судлаачид Colobura төрөлд хамаарах эрвээхэйнүүдийг ДНХ-ийн шинжилгээ, далавчны бичил ялгаа болон хэт ягаан туяа ойлгох онцлогт нь тулгуурлан харьцуулжээ. Ингэснээр өмнө нь анзаарагдаагүй байсан Colobura cryptica хэмээх шинэ зүйлийг тодорхойлсон байна. Судалгааг Флоридагийн Байгалийн түүхийн музейн докторант Аниша Сапкотагаар ахлуулсан баг хийж, үр дүнгээ “Zootaxa” сэтгүүлд нийтэлжээ.

Энэ бүлгийн эрвээхэйг анх 1758 онд Шведийн байгаль судлаач Карл Линней Colobura dirce нэрээр шинжлэх ухаанд бүртгэсэн юм. Харин 1852 онд Нидерландын шавж судлаач Ян Сепп авгалдайн бие дээрх цайвар толбоны ялгааг ажиглаж, тусдаа зүйл байж болох юм гэсэн санал дэвшүүлсэн ч тухайн үеийн эрдэмтэд үүнийг нэг зүйлийн доторх хувьсал эсвэл хүйсийн ялгаа гэж үзсэн байна. Энэ ойлголт 150 орчим жил хадгалагджээ.

2001 онд судлаач Кит Виллмотт болон түүний хамтрагчид 2 дахь зүйл болох Colobura annulata-г албан ёсоор тодорхойлсон байна. Гэвч 3 дахь зүйл байж болзошгүй гэсэн таамаглалыг батлахад дахин 25 жил шаардлагатай болжээ.

Шинэ судалгаанд түлхэц өгсөн зүйл нь Венесуэлээс олдсон эрвээхэйн авгалдай байв. Судлаач Андрес Орельяна нэгэн модны навч идэж байсан авгалдайн зургийг авч, бусадтай хуваалцжээ. Тэдгээр авгалдай өмнө нь мэдэгдэж байсан 2 зүйлийнхтэй адил хар биетэй, шар өргөстэй байсан ч бие дээр нь цайвар өнгийн толбо огт байгаагүй нь анхаарал татсан байна.

Тиймээс эрдэмтэд музейн цуглуулгад хадгалж байсан сорьцуудыг дахин судалж, ДНХ-ийн шинжилгээ хийжээ. Хүний нүдэнд бараг ялгарахгүй далавчны өнгөний ялгааг тусгай төхөөрөмжөөр хэмжихэд, 3 бүлэг эрвээхэй хэт ягаан туяаг өөр өөр хэмжээгээр ойлгодог нь тогтоогдсон байна. Ийнхүү генетикийн болон биеийн бүтцийн шинжилгээний үр дүнг харьцуулснаар Colobura cryptica хэмээх шинэ зүйлийг баталгаажуулжээ.

Сонирхолтой нь, эдгээр 3 зүйл Төв болон Өмнөд Америкийн зарим бүс нутагт нэг дор, нэг цаг үед амьдардаг. Colobura dirce хамгийн өргөн тархсан. Мексикээс Бразил хүртэл нутагладаг. Colobura annulata мөн өргөн бүсэд тархжээ. Харин шинээр тодорхойлсон Colobura cryptica өмнөд Мексикээс Андын нурууны бэл хүртэлх харьцангуй бага нутагт амьдардаг байна.

3 зүйл нэг орчинд зэрэгцэн амьдардаг атлаа генетикийн хувьд тусдаа хэвээр байгаа нь судлаачдын анхаарлыг татжээ. Тэд өөр өөр өндөрлөгт буюу ойн ёроол, модны титэм хэсэгт амьдардаг байж болзошгүй гэж таамаглаж байгаа ч үүнийг одоогоор батлаагүй байна. Мөн эрвээхэйнүүд хосоо сонгохдоо хүний нүдэнд харагддаггүй хэт ягаан туяаны тусгалыг ашиглан, өөрийн зүйлээ таньдаг байж магадгүй гэж үзжээ.

Судалгааны үр дүн “Zootaxa” сэтгүүлийн 2026.05.04-ний дугаарт нийтлэгдсэн байна. Энэ нээлт гаднах төрхөөрөө бараг ижил амьтдыг зөвхөн нүдээр ажиглаад, зүйл хоорондын ялгааг таних боломжгүй байдгийг харуулав. ДНХ болон хэт ягаан туяаны шинжилгээ зэрэг орчин үеийн аргууд биологийн олон янз байдлыг илрүүлэхэд чухал болохыг дахин нотоллоо.

0/1000