Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт орууллаа

Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт орууллаа

Нийслэлийн ИТХ өнөөдөр /2026.11.13/ хуралдаж, Нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэх тухай, Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Барилга байгууламж балансаас баланст шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Мөн нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн дотоод үнэт цаас гаргах тухай, Нийслэлийн төсвийн сахилга бат, санхүүгийн хариуцлагыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн засаг даргаас өргөн барьсан тогтоолын төслийг бүхэлд нь хэлэлцэн баталлаа.

“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” түншлэлийн төслийн гэрээ байгуулах эрх олгох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ

“Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр” төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн гэрээ байгуулах тухай нийслэлийн засаг даргын дүгнэлтийг хэлэлцэж, “Тяньжинь Жунчан барилга инженеринг” ХХК-тай түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Төслийн талаар нийслэлийн засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат танилцуулсан юм. Тус төслийг 2026-2029 онд хэрэгжүүлнэ. Эхний үе шатанд 58 МВт-ын хүчин чадалтай хийн дулааны станц, байгалийн шингэрүүлсэн 2000 шоо метр хий хүлээн авах, буулгах, хадгалах, дахин хийн төлөвт хувиргах байгууламж, хий дамжуулах 12 км шугам барихаар төлөвлөжээ. Харин хоёрдугаар үе шатанд дулааны станцын хүчин чадлыг 93 МВт-аас доошгүй хэмжээнд хүргэж өргөтгөх юм.

Төслийн ТЭЗҮ-г 2020 оноос боловсруулж, холбогдох яамны санал, урьдчилсан үнэлгээг авч, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хоёр удаа хийжээ. Нийт 207 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатайгаас нийслэл 75 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, үлдэх хэсгийг хувийн хэвшил бүрэн хариуцах юм. Төсөл хэрэгжсэнээр 35 мянган өрхийг дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ. Нүүрсний хэрэглээг бууруулж, үнс, шаар зэрэг хатуу хог хаягдал үүсгэхгүй байх давуу талтайг танилцуулгад онцоллоо.

Станц барих байршлыг хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Нарийвчилсан төлөвлөгөөг 2027 онд боловсруулахаар төлөвлөсөн аж. ТЭЗҮ-г 2020 оноос боловсруулж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээг хоёр удаа хийсэн гэдгийг нийслэлийн засаг даргын эрчим хүчний төсөл, хөтөлбөр хариуцсан зохицуулагч Ч.Батзориг мэдээлэв.

Төслийн зохицуулагчийн мэдээлснээр, хийн түлшийг 17 тоннын багтаамжтай танк контейнерт тээвэрлэхээр төлөвлөж, тээвэрлэлтийн маршрутыг сонгох судалгааг хоёр жилийн хугацаанд хийж, олон улсын мэргэжилтнүүдийг ажиллуулжээ.

0/1000