УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Түвшин, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ц.Баатархүү, А.Ганбаатар болон Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж нар өнөөдөр /2026.11.13/ Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн хэрэгжилт, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага, хэвлэл мэдээллийн байгууллагын бие даасан, хараат бус байдлыг хангах асуудлаар санал солилцов.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд “Төрийн байгууллага өөрийн мэдэлд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч энэхүү зохицуулалтын хэрэгжилт хангалтгүй байгааг уулзалтад оролцогчид онцоллоо. Тодруулбал, төрийн байгууллагууд хэвлэл мэдээллийн алба, нэгжтэй болж, төсвийн хөрөнгөөр мэдээлэл түгээж байгаа нь хэвлэл мэдээллийн хараат бус байдал, чөлөөт өрсөлдөөнд хэрхэн нөлөөлж буй талаар хөндөн ярилцлаа. Энэ хүрээнд сэтгүүлчдийн зүгээс хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй бодит хүндрэл, бэрхшээл, цаашид эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага, хуулийн өөрчлөлтийн талаар санал, байр сууриа илэрхийлэв.

Ардчилсан намын бүлгээс энэ асуудлыг цаашид нарийвчлан судалж, хуулийн өөрчлөлтийн санал боловсруулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн оролцоотойгоор саналыг хэлэлцэж, боловсронгуй болгоно гэдгээ уулзалтын үеэр онцоллоо. Хэвлэлийн эрх чөлөө бол ардчилсан нийгмийн үндсэн баталгаа юм. Тиймээс төрийн байгууллагын мэдээллийн үйл ажиллагаа болон хараат бус хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны зааг ялгааг тодорхой болгож, сэтгүүлчид төрөөс хараат бусаар ажиллах, иргэд үнэн бодит мэдээлэл авах эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх нь чухал гэж гишүүд байр сууриа илэрхийллээ.


