Нийслэлээс орон нутагт шилжин суурьшиж буй иргэд, нийгмийн дэмжлэг шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшүүлэхдээ дараалал харгалзахгүй байх зохицуулалтыг Газрын тухай хуульд оруулахаар төсөлд тусгажээ. Уг төслийг хэлэлцэх эсэхээ Улсын Их Хурал 2026.11.13-нд шийдлээ. Жилд дунджаар 10-12 мянган иргэн нийслэлээс хөдөө орон нутагт шилжин суурьшдаг. Тэднийг дэмжих, газрын асуудлыг шийдвэрлэх зохицуулалт шаардлагатай байгаа аж.
Нийслэлд газар чөлөөлөхөд нөхөн олговор олгох эрх зүйн орчин бүрдсэн. Нөхөн олговрыг зах зээлийн үнэлгээний зарчмаар тооцож, иргэдтэй зөвшилцөн шийдвэрлэх зохицуулалт хэрэгжиж байна. Энэ дагуу 2020-2025 онд нийслэлийн хэмжээнд нийт 200 орчим га газар, 4925 нэгж талбарыг чөлөөлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийжээ.
“Одоогоор нийслэлийн 237 мянган иргэн газар өмчилсөн. Эзэмшиж буй газраа өмчлөх боломжтой 90 мянган иргэн байна. Мөн 145 мянган иргэн цахим системээр газар эзэмших хүсэлт ирүүлсэн. Шинээр газар олгох асуудлыг төлөвлөхөд Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулах шаардлагатай. Түүнчлэн газар олголтыг цахим системээр хянаж, хориглолт, хамгаалалтын бүсийг давхар шалгадаг тогтолцоо хэрэгжиж байгаа.
Одоо мөрдөж буй хуулиар нийслэлийн иргэд давуу эрх эдэлдэг. Тэд нийслэл болон орон нутагт газар өмчилж авах эрхтэй байдаг бол орон нутгийн иргэд нийслэлд газар өмчлөх эрхгүй. Зөвхөн харьяа аймаг, сумынхаа нутаг дэвсгэрт газрын харилцаанд оролцдог” гэж УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат тайлбарлав. Түүнчлэн сум, суурин газарт иргэд ашиглахгүй атлаа өмчилж, эзэмшиж байгаа газар олон байдаг. Газрын ашиглалтыг бодит үр өгөөжтэй болгох, аймаг, орон нутагтаа аж төрж буй хүмүүсийн эрх ашгийг хангах шаардлагатайг онцоллоо.
Энэ төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг санал хураалтад оролцсон Улсын Их Хурлын 70 гишүүн дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

