Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Газын зурваст ажилласан сэтгүүлчдийн тухай баримтат кино олон улсын наадмын шилдэг бүтээлээр шалгарчээ

Газын зурваст ажилласан сэтгүүлчдийн тухай баримтат кино олон улсын наадмын шилдэг бүтээлээр шалгарчээ

Газын зурваст Израиль, ХАМАС-ын хооронд өрнөсөн дайныг сурвалжилсан сэтгүүлчдийн амьдрал, ажил мэргэжлийн онцлогийг харуулсан “Inside Gaza” баримтат кино Канадын Монреаль хотод болсон “Cinemania” олон улсын кино наадмын шилдэг баримтат киноны шагнал хүртжээ.

Францын найруулагч Элен Лам Тронгийн бүтээсэн 72 минутын уг кино нь Францын AFP мэдээллийн агентлагийн Газын зурваст ажиллаж байсан дөрвөн сэтгүүлчийн өдөр тутмын амьдрал, дайны бүсэд мэдээлэл бэлтгэхэд тулгарсан бэрхшээл, аюул эрсдэлийг харуулсан байна. Кинонд сэтгүүлчдийн газар дээр нь хийсэн сурвалжилга, дүрс бичлэгээс гадна тэднийг Газын зурвасаас гарсны дараа авсан ярилцлагуудыг багтаажээ.

Газын зурвас олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хувьд нэвтрэхэд ихээхэн хүндрэлтэй бүс болсон энэ үед орон нутгийн сэтгүүлчид дайны үйл явдлыг дэлхий нийтэд хүргэх гол үүргийг гүйцэтгэж байгааг уг бүтээл онцолсон байна.

Шагналыг Монреаль хотод болсон ёслолын үеэр киноны гол дүрүүдийн нэг, AFP агентлагийн Газын товчооны дарга Адель Занун гардан авчээ. Тэрбээр шагналаа Газын дайнд амиа алдсан сэтгүүлчид болон өнөөг хүртэл хүнс, ус, интернэтийн хомсдол дунд ажиллаж буй сурвалжлагчдад зориулж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн зөвхөн Газын зурваст төдийгүй дэлхийн хаана ч ажиллаж буй сэтгүүлчдийг дэмжиж, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахыг уриалжээ.

“Inside Gaza” баримтат кино өмнө нь Францад болсон FIGRA олон улсын баримтат киноны наадмын Гран-при шагнал, Шинэ Зеландын Doc Edge кино наадмын шагналуудыг хүртсэн бөгөөд 2027 оны Оскарын шилдэг баримтат киноны төрөлд өрсөлдөх эрхтэй болжээ.

0/1000