Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Хүнтэй хамт Антарктидад марафонд оролцсон робот 3 км гүйгээд тэмцээнээ орхижээ

Хүнтэй хамт Антарктидад марафонд оролцсон робот 3 км гүйгээд тэмцээнээ орхижээ

Хүн дүрст робот Антарктидын эрс тэс хүйтэн нөхцөлд хүнтэй зэрэгцэн марафонд оролцсон ч батарей нь дууссаны улмаас ердөө гурван километр гүйгээд тэмцээнээ орхижээ. Qestr нэртэй уг робот арваннэгдүгээр сарын 8-нд Антарктидын Ultima Camp баазад болсон “Antarctic Ice Ultra” хэт холын зайн гүйлтийн тэмцээнд анх удаа оролцсон хүн дүрст робот болсон байна.

Тэмцээнд нийт 25 орчим хүн оролцсон бөгөөд гараа шөнийн 01:00 цагт, цельсийн хасах 24 хэмийн хүйтэнд эхэлжээ. Антарктидад энэ үед нар жаргахгүй байх байгалийн үзэгдэл үргэлжилж байсан тул гүйлтийг шөнийн цагаар зохион байгуулсан байна. Тэмцээнийг зохион байгуулагч Оливер Вангийн мэдээлснээр Qestr нь уг уралдаанд оролцсон анхны хүн дүрст робот болжээ.

Роботыг хүйтнээс хамгаалахын тулд дулаан хадгалах зориулалттай хүрэм өмсгөж, цасан дээр гүйхэд нь зориулан бэлтгэсэн ч эрс тэс температурт батарей нь гурван километрийн дараа цэнэггүй болсон байна. Ингэснээр робот тэмцээнээ үргэлжлүүлэх боломжгүй болжээ.

Харин хүний оролцогчид 50, 80, 100 болон 160 километрийн зайд уралдсан байна. БНХАУ-ын гүйгч Юйшэн Ни 160 километрийн зайг 17 цаг 2 минут 24 секундэд туулж, өөрийн өмнөх амжилтыг шинэчлэн тогтоожээ.

Хүн дүрст роботууд гүйлтийн тэмцээнд оролцох, спортын төрөл бүрээр чадвараа сорих нь нэмэгдэж байгаа ч Антарктидынх шиг эрс тэс орчинд удаан хугацаанд ажиллахад батарейн хүчин чадал, дулаан тусгаарлалт зэрэг технологийн шийдэл томоохон сорилт хэвээр байгааг энэ туршилт харууллаа.

0/1000