Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Эстони ОХУ-тай хиллэдэг бүх боомтоо хаахаар болжээ

Эстони ОХУ-тай хиллэдэг бүх боомтоо хаахаар болжээ

Эстони улс ОХУ-тай хиллэдэг хуурай замын бүх шалган нэвтрүүлэх боомтоо ирэх арванхоёрдугаар сарын 1-нээс хаахаар болсноо мэдэгджээ. Тус улсын Гадаад хэргийн сайд Маргус Цахкна арваннэгдүгээр сарын 15-нд энэ талаар мэдэгдсэн бөгөөд уг шийдвэр нь Эстонийн батлан хамгаалахын салбарын компанийн эсрэг үйлдсэн галдан шатаах оролдлоготой холбоотой аж.

Арваннэгдүгээр сарын 14-ний шөнө Эстонийн нийслэл Таллин хотын ойролцоох Виймси сууринд байрладаг нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэгч Threod Systems компанийн байранд халдлага үйлдэхийг завджээ. Энэ хэрэгт холбогдуулан Латви улсад оршин суудаг найман хүнийг саатуулсан байна. Эстонийн Дотоод аюулгүй байдлын албаны мэдээлснээр, уг халдлагыг ОХУ-ын Цэргийн тагнуулын ерөнхий газар (ГРУ)-ын захиалгаар зохион байгуулсан гэж үзэж байгаа аж.

Эстонийн Ерөнхий сайд Кристен Михал уг халдлагыг тус улсын батлан хамгаалах салбарыг онилсон хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тодорхойлж, аюулгүй байдлаа хамгаалахын тулд шаардлагатай арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ. Харин Гадаад хэргийн сайд Маргус Цахкна “ОХУ Эстонийн эсрэг дайсагнасан үйлдэл гаргавал үр дагавартай гэдгийг ойлгох ёстой” хэмээн анхааруулсан байна.

Эстони улс ОХУ-тай хиллэдэг Нарва, Лухамаа, Койдула гэсэн гурван гол боомтоороо зорчигч болон ачаа тээврийн хөдөлгөөн нэвтрүүлдэг. Эдгээр боомтыг хааснаар хоёр улсын хоорондох хуурай замын зорчих хөдөлгөөн бүрэн зогсох юм. Хилийн боомтуудыг хэр удаан хугацаанд хаахыг одоогоор тодорхой зарлаагүй байна.

ОХУ-ын тал Эстонийн буруутгалыг няцааж, Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова хилийн боомтуудыг хаах шийдвэрийг “Оросыг үзэн ядах хандлагын илрэл” хэмээн шүүмжилжээ.

Эстони улс НАТО болон Европын холбооны гишүүн бөгөөд 2022 онд ОХУ Украинд өргөн хүрээтэй довтолсноос хойш Киевийг тууштай дэмжиж ирсэн юм. Тус улс өмнө нь ч батлан хамгаалахын технологийн Milrem Robotics компанийн эсрэг галдан шатаах оролдлого гарсан хэрэгт ОХУ-ын тусгай албыг буруутгаж байв.

0/1000