Зул сарын баяр дөхөж байгаатай холбогдуулан Их Британийн нийслэл Лондон хотод Санта Клаусын дүрд ажилладаг хүмүүсийг бэлтгэх уламжлалт сургалт зохион байгуулжээ. Арваннэгдүгээр сарын 12-нд болсон уг арга хэмжээнд Санта Клаусууд, элфүүд болон Хатагтай Клаусын дүрд ажилладаг хүмүүс цугларч, баярын улирлын ачаалалтай өдрүүдэд хэрхэн ажиллах талаар туршлага солилцсон байна.
“Ministry of Fun” арга хэмжээ зохион байгуулагч компанийн санаачилгаар жил бүр болдог энэхүү сургалтаар оролцогчид Санта Клаусын дүрийг илүү үнэмшилтэй бүтээх, хүүхдүүдтэй зөв харилцах, алдарт “Хо-хо-хо” инээдээ төгс эзэмших зэрэг дадлага хийжээ. Мөн хүүхэд бүртэй хүртээмжтэй харилцах зорилгоор Зул сарын баяртай холбоотой дохионы хэлний анхан шатны сургалтад хамрагдсан байна.
Санта Клаус Мал нэрээр ажилладаг туршлагатай оролцогчдын нэг хэлэхдээ, олон Санта нэг дор цугларч, баярын үеэр ажилладаг орчин, хүүхдүүдтэй харилцах арга барил болон үйлчилгээгээ хэрхэн сайжруулах талаар туршлага солилцох нь чухал гэдгийг онцолжээ. Тэрбээр энэ жилийн Зул сарын баярыг гэр бүлүүд болон хүүхдүүдийн хувьд өмнөх жилүүдээс ч илүү дурсамжтай, ид шидтэй болгохыг хүсэж байгаагаа илэрхийлсэн байна.
“Ministry of Fun” компанийн гүйцэтгэх захирал Мэтт Гристийн хэлснээр, Зул сарын баярын бэлтгэл хэдэн сарын өмнөөс эхэлдэг аж. Тэрбээр энэ үеэр “Жинхэнэ Санта бидэнтэй холбогдож, энэ жил ч бас тусламж хэрэгтэй байгаагаа хэлдэг. Хатагтай Клаус бид хоёр Хойд туйлд таны тусламжийг хүлээж байна гэдэг” хэмээн хошигнон ярьжээ.
Ийнхүү Лондоны Санта Клаусууд баярын улирал эхлэхээс өмнө дүрдээ орж, хүүхэд багачуудтай уулзахад бэлтгэж байна. Сургалт нь зөвхөн дүр бүтээхээс гадна хүүхэд бүрийг баярын уур амьсгалд оролцуулах, тэдэнд мартагдашгүй дурсамж үлдээхэд чиглэдгээрээ онцлог юм.


