Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userХ. Болормаа

Улааннуураас метан хий олборлохыг “Метан газ ресурс” ХХК-д зөвшөөрлөө

Улааннуураас метан хий олборлохыг “Метан газ ресурс” ХХК-д зөвшөөрлөө

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн Газрын тосны асуудал хэлэлцэх салбар зөвлөл 2026.11.12-нд хуралдаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгой XXXIII талбайн асуудлыг хэлэлцжээ. “Метан газ ресурс” ХХК-ийн “Ордыг ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө”-г хүлээн авсан байна. Үүгээр тус компани Улааннуур орчмын нүүрсний давхаргад байгаа метан хийг олборлох нөхцөл бүрдэж байгаа юм.

Улааннуурын метан хийн давхарга 60 ам км талбайг хамардаг. Үүний 4.2 ам км талбайн нөөцийг боджээ. Эндээс 316 сая шоо метр хий олборлох боломжтой. 3Р (баталгаат+магадлалт+боломжит) ангиллаар бол 793 сая шоо метр хий олборлохоор тооцсон байна.

Төлөвлөгөөнд тусгаснаар “Метан газ ресурс” ХХК 2027-2029 онд нийт 40 цооног өрөмдөж, метан хий олборлоно. Уг хийгээ технологийн горимын дагуу шингэрүүлж, шингэрүүлсэн байгалийн хий (LNG) үйлдвэрлэх юм.

Үүний зэрэгцээ нүүрсний бусад давхаргад хайгуул хийж, илрүүлсэн хийн нөөцийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр Тавантолгой XXXIII талбайн метан хийн нөөц нэмэгдэж, олборлох хийн хэмжээ нэмэгдэнэ.

Тавантолгой XXXIII талбайд “Эрдэнэс метан” ХХК, “Метан газ ресурс” ХХК хамтран хайгуулж хийжээ. Төрийн өмчит “Эрдэнэс метан” ХХК 2019 онд Австралийн “Жейд метан” ХХК-тай хамтран “Метан газ ресурс” компанийг байгуулсан юм.  

Монгол Улсын Засгийн газар 2020.04.22-нд 143 дугаар тогтоол гаргаж, Тавантолгой XXXIII талбайд метан хий хайх, ашиглах, бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах эрх олгожээ. Үүний дагуу Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэс метан” ХХК 2020.05.06-нд бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан байна. Засгийн газар 2020.10.14-нд 150 дугаар тогтоолоор уг гэрээний эрх, үүргийг “Метан газ ресурс” ХХК-д шилжүүлжээ.

0/1000