Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Samsung хиймэл оюуны туслахтай ухаалаг нүдний шилээ урьдчилан захиалгад гаргажээ

Samsung хиймэл оюуны туслахтай ухаалаг нүдний шилээ урьдчилан захиалгад гаргажээ

Samsung компани Google болон нүдний шилний Gentle Monster, Warby Parker брэндүүдтэй хамтран бүтээсэн ухаалаг нүдний шилээ арваннэгдүгээр сарын 12-ноос урьдчилан захиалгад гаргажээ. “Intelligent Eyewear” нэртэй уг төхөөрөмж нь Google-ийн Gemini хиймэл оюуны туслахтай бөгөөд хэрэглэгч гар утсаа гаргалгүйгээр орчин тойрныхоо талаар мэдээлэл авах, хэл орчуулах, өдөр тутмын ажлаа зохицуулах боломжтой.

Нүдний шил нь 12 мегапикселийн камертай бөгөөд хэрэглэгчийн харж буй зүйлсийг таньж, Gemini-ээр дамжуулан тайлбар, мэдээлэл өгнө. Мөн хүрээний хэсэгт байрлах мэдрэгчтэй удирдлага болон дуу хоолойгоор ажилладаг, хоёр нээлттэй чанга яригч, дөрвөн микрофонтой. Нэг удаагийн цэнэглэлтээр ес хүртэлх цаг ажиллах боломжтой гэж Samsung мэдээлжээ.

Хэрэглэгчийн загварын сонголтыг нэмэгдүүлэх зорилгоор хоёр брэнд нийт 30 төрлийн загвар гаргасан байна. Warby Parker-ийн загварууд 395 ам.долларын үнээс эхлэх бол Gentle Monster-ийн хувилбарууд 449–489 ам.долларын үнэтэй. Нүдний шил арванхоёрдугаар сарын 10-наас АНУ болон БНСУ-д худалдаанд гарах бөгөөд Gentle Monster-ийн загварууд зөвхөн АНУ, БНСУ-ын зах зээлд эхний ээлжид нийлүүлэгдэх аж.

Харин хэрэглэгч болон эргэн тойрны хүмүүсийн нууцлалыг хамгаалахын тулд бичлэг хийж байгааг илтгэх гэрэлтэй, уг гэрлийг халхалсан эсвэл ажиллахгүй болсон тохиолдолд камерын зураг авах боломжийг хаах хамгаалалттай. Мөн Gemini-д дамжуулсан дүрсийг хиймэл оюуны загвар сургах болон зар сурталчилгаанд ашиглахгүй гэж компани мэдэгджээ.

0/1000