УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр “Бодь-Интернэшнл” компанитай холбоотойгоор хөндөгдсөн асуудлыг хэлэлцэж, УИХ-ын Хянан шалгах түр хороо байгуулахаар шийджээ. Энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.
Нийслэлийн засаг дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн амралтын өдөр “Бодь-Интернэшнл “ компаниас нэр бүхий улстөрчдөд 110 сая ам.долларыг авлига хэлбэрээр өгч, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тендэрийг улсын нууцад оруулсан гэж мэдэгдсэн юм.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Авлигын ээлжит драмын жүжиг үргэлжилж байна. Өнгөрсөн 7 хоногоос гэмт хэргийн эзэн, цаг хугацаа, унаа машинтайгаа тодорхой мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаж байна. Энэ бол хагас жил яригдаж байгаа асуудал. Одоо тэгээд яах ёстой юм бэ? Эвлэрээд явах уу?
Авлигыг тэвчих аргагүй боллоо. Илт зөрүүтэй тайлбар хэлж байна. Сарын өмнө тансаг орд харшийн тухай ярьж байсан. 1 ам м талбайг 1 сая төгрөгөөр барьсан гэж хэвлэлийн алба нь ярьж байна. 1 сая төгрөгөөр хаус байтугай байшин ч барьдаг цаг өнгөрсөн.
2019 оноос хойш тоолбол 2 удаагийн УИХ-ын, 2 удаагийн орон нутгийн, 1 удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бусаар авсан юм гэж эрх баригч нам хэлж байна. Энэ авлигад нэр холбогдсон албан тушаалтнууд төрийн тэргүүнээсээ эхлээд бүгд огцорч, шалгуулах ёстой. Ажилдаа байхад нь төрийн байгууллага яаж шалгадгийг бид харж байна. “Хөрөнгө, орлого нь хууль ёсных байсан” гэж хэлдэг.
Нүүрс зарах гэрээ яахаараа үндэсний аюулгүй байдалтай холбоотой бодлог юм бэ?
Эдгээр асуудлыг шийдэхгүй бол Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг тавина. Парламент, эрх баригчид, авлигажсан тогтолцоо үүнийг хүлээж авахгүй бол АН ард түмэнтэйгээ гудамжинд гарч тэмцэх болно.

