Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн нутгаар урсах Онги голын Алтан талын гармаар гарч явсан 3 машин өнгөрсөн шөнө голд суужээ. Тус аймгийн Сант сумаас Арвайхээр сум руу зорчиж явсан иргэн Б-гийн RX450 загварын машин 4 зорчигчтой явсан бол иргэн О “Приус 41” загварын машиндаа ганцаараа явжээ. Иргэн Ц-гийн “Premio” загварын машинд 3 зорчигч явж байсан аж.
Уг гарам тус аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км зайтай. Жолооч нар 11-р сарын 16-ны 23:23 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарт хандаж, тусламж хүссэн байна. Тэднийг аврагчид татан гаргалаа.

